Даваа гарагийн өглөө Филиппиний өмнөд хэсэгт орших Минданао арлын ойролцоох тэнгист 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдлээ. Газар хөдлөлтийн голомт нь далайн гүнд байсан хэдий ч чичирхийлэл эргийн бүс нутгуудад хүчтэй мэдрэгдсэн байна.
Байгалийн гамшгийн улмаас зарим бүс нутагт цахилгаан эрчим хүч тасалдаж, барилга байгууламжуудад эвдрэл гэмтэл учирсан талаар албаны хүмүүс мэдээллээ. Газар хөдлөлтийн дараа далайн түвшин нэмэгдэж, нэг метр орчим өндөр цунамигийн давлагаа эргийн бүсийг дайрсан байна. Одоогоор хохирлын хэмжээг нарийвчлан тогтоохоор аврах багийнхан ажиллаж байгаа бөгөөд эрх баригчид иргэдийг сонор сэрэмжтэй байж, аюулгүй газар түр хорогдохыг анхаарууллаа.
Филиппин улс нь Номхон далайн “Галт цагираг” хэмээх газар хөдлөлт болон галт уулын идэвхжил ихтэй бүсэд байрладаг тул ийм төрлийн байгалийн гамшигт өртөх нь элбэг байдаг. Тус бүс нутагт чичирхийлэл үргэлжлэх магадлалтай байгаа тул орон нутгийн удирдлагууд иргэдэд дахин давтагдах газар хөдлөлт болон цунамигийн аюулаас сэрэмжтэй байхыг зөвлөж байна.