Франц улсын баруун өмнөд хэсэгт орших Флёранс хотод гарсан аймшигт хэрэг олон нийтийн дургүйцлийг хүргээд байна. Тавдугаар сарын 29-нд сураггүй алга болсон 11 настай Лианна охины цогцсыг долоо хоногийн дараа эзэнгүй орхигдсон тарианы агуулахаас олсон билээ. Шүүх эмнэлгийн шинжилгээний дүнгээр охиныг хүчирхийлж, улмаар амь насыг нь хөнөөсөн болохыг албаныхан албан ёсоор мэдэгдлээ.

Энэхүү хэрэгт 41 настай эрэгтэйг гол сэжигтнээр татаад байгаа юм. Тэрээр хохирогч охины сургуулийн найзынх нь аав байсан нь олныг илүүтэй цочроож байна. Мөрдөн байцаалтын явцад уг этгээд нь өмнө нь хоёр ч удаа хүчирхийллийн хэрэгт холбогдож байсан нь тогтоогджээ. Гэмт этгээдийн өнгөрсөн түүхийг мэдсэн иргэд хууль хяналтын байгууллагын ажлын хариуцлагагүй байдлыг эрс шүүмжилж, Франц даяар эсэргүүцэл, бухимдал дээд цэгтээ хүрээд байна.

Охин алга болсон өдрөөс эхлэн эрэн хайх ажиллагааг эрчимтэй явуулсан боловч харамсалтайгаар амиа алдсан нь тогтоогдсон нь тус улсын нийгэмд хүүхдийн аюулгүй байдалтай холбоотой томоохон хэлэлцүүлгийг өрнүүлж байна. Одоогийн байдлаар сэжигтнийг саатуулан, хэргийн нарийн ширийн нөхцөл байдлыг тогтоохоор мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.