Францын алдартай DJ бөгөөд электрон хөгжмийн од, жинхэнэ нэр нь Винсент Белоржей гэх Кавински 50 насандаа таалал төгсжээ. Түүнийг мягмар гарагт буюу долдугаар сарын 28-ны орой 22:30 цагийн орчимд Парис дахь гэрт нь хуулийн байгууллагынхан олсон байна.

Францын "Le Figaro" сонинд мэдээлснээр, хөрш нь хэд хоногийн турш түүнийг хараагүй гэж яаралтай тусламжийн албанд хандсаны дараа энэхүү харамсалтай явдал илэрчээ. Урьдчилсан байдлаар түүнийг цус харвалтын улмаас нас барсан гэж үзэж байгаа бөгөөд талийгаач нас барахаасаа өмнөх өдрүүдэд ойр дотны хүмүүстээ толгой нь хүчтэй өвдөж байгаа талаар ярьж байжээ.

Парисын цагдаагийн газраас “үхлийн шалтгааныг тодруулах зорилгоор мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн” гэж мэдэгдсэн бөгөөд хэргийн газраас ямар нэгэн сэжигтэй зүйл илрээгүй болохыг дурдсан байна.

Кавински нь 2011 онд Райан Гослингийн тоглосон "Drive" киноны дуу болох "Nightcall" хит дуугаараа дэлхий дахинд танигдсан юм. Тэрээр 2024 оны Парисын олимпын хаалтын ажиллагаанд энэхүү дуугаа амьдаар дуулсан бөгөөд уг дуу нь нэг өдрийн дотор хамгийн их "Shazam" хийгдсэн дууны дээд амжилтыг тогтоож байв. Тэрээр 2013 онд "OutRun" нэртэй анхны цомгоо гаргаж, улмаар 2022 онд "Reborn" цомгоороо эргэн ирсэн билээ.