Японы алдарт зохиолч Фүюми Оногийн "Yumei no Kishi: Juni Kokuki" бүтээл есдүгээр сарын 24-нд танилцуулсан Billboard Japan Book Hot 100 чартыг тэргүүллээ. Энэхүү жагсаалт нь есдүгээр сарын 14-нөөс 20-ны хоорондох долоо хоногийн үзүүлэлтийг нэгтгэн гаргасан байна.

Billboard Japan Book Hot 100 чарт нь зөвхөн хэвлэмэл номын борлуулалтаар хязгаарлагдахгүй бөгөөд цахим ном, номын сангийн зээллэг, захиалгат үйлчилгээний мэдээлэл болон сошиал медиагийн идэвхийг цогцоор нь хамруулан дүгнэдэг онцлогтой юм.

35 жилийн ой нь тохиож буй "Juni Kokuki" (The Twelve Kingdoms) уран зөгнөлт цувралын долоон жилийн дараах анхны шинэ боть болох уг ном уламжлалт дэлгүүрийн борлуулалт, цахим худалдаа болон сошиал медиагийн үзүүлэлтээр тэргүүлжээ. Улмаар дэд байранд орсон номоос гурав дахин их оноо авч, жагсаалтыг итгэл төгс хошуучилсан байна.

Чартын хоёрдугаар байрт өмнөх долоо хоногт тэргүүлж байсан Яма Ваямагийн "Onna no Sono no Hoshi" 5-р боть орсон бөгөөд цахим номын төрөлд нэгдүгээр байраа хадгалжээ. Харин гуравдугаар байрт Хирохико Аракигийн "The JOJOLands" 9-р боть бичигдсэн бол Кейко Шибатагийн зурагт номын цувралын шинэ бүтээл "Pan Dorobo to Sasurai Ramen" дөрөвдүгээр байрт жагссан байна.