Зуны халуун өдрүүдэд бид эрүүл мэнддээ онцгой анхаарах шаардлагатай байдаг. Тэгвэл Healthline сайтад мэдээлснээр, бидний өдөр тутамдаа хэрэглэдэг зарим төрлийн эмүүд халууны улиралд хүний биеийг халуунд цохиулах эрсдэлд илүү өртөмтгий болгодог байна.
Судалгаагаар антидепрессант, GLP-1 төрлийн эмүүд болон бета-хориглогч (beta-blockers) зэрэг эмүүд нь эрүүл мэндэд нөлөөлөх эрсдэлтэй гэж үзжээ. Эдгээр эм нь хүний биеийн температурыг зохицуулах чадварыг бууруулж, улмаар хөлрөлтийг багасгах эсвэл шингэн алдалтад хүргэх нөлөөтэй аж. Биеийн дулаан зохицуулалт алдагдах нь халуун цаг агаарт сөрөг үр дагавартай юм.
Иймд халуун өдрүүдэд сэрүүн орчинд байж, хангалттай хэмжээний ус уух нь нэн чухал юм. Хэрэв та дээрх эмүүдийг хэрэглэдэг бол халууны улиралд биеийн байдлаа сайтар ажиглахыг зөвлөж байна. Хэрэв ямар нэгэн таагүй шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй.