Бидний бие махбод хэр хурдан хөгширч байгаа нь зөвхөн наснаас бус, харин унтаж амрах хугацаанаас шууд хамааралтай байж болохыг эрдэмтэд анхааруулж байна. Саяхан хийсэн судалгаагаар хэт бага эсвэл хэт их унтах нь тархи болон бусад эрхтний хөгшрөлтийг түргэсгэж болзошгүйг тогтоожээ.
Судалгаанд оролцогчдын унтах хугацааг хэмжиж, тэдний сэтгэцийн эрүүл мэнд, эмнэлгийн нөхцөл байдалтай харьцуулсан байна. Үүний үр дүнд унтах хугацаа болон сэтгэл гутралын хооронд шууд холбоо байгаа нь батлагджээ. Өөрөөр хэлбэл, хангалттай унтаж амрахгүй байх нь сэтгэл гутралд өртөх эрсдэлийг нэмэгдүүлж, улмаар хөгшрөлтийг хурдасгаж болзошгүй юм.
Судалгааны багийнхан хоногт 6.4-7.8 цаг унтах нь хамгийн оновчтой гэж үзэж байна. Энэ хэмжээний унтах нь тархины үйл ажиллагааг дэмжиж, сэтгэл санааг тогтвортой байлгахад тусалдаг гэнэ. Хэрэв та залуу сайхнаараа удаан байхыг хүсвэл унтах цагаа сайтар зохицуулах хэрэгтэй болох нь.
Энэхүү судалгаа нь бидний эрүүл мэндэд унтахын ач холбогдлыг дахин нэг удаа сануулж байна. Тиймээс залуучууд бид унтаж амрах цагаа нэн тэргүүнд тавьж, эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэх нь чухал юм.