Хард рок хөгжмийн домогт Metallica хамтлаг Лас-Вегас хотын орчин үеийн дэвшилтэт Sphere цогцолборт "Life Burns Faster" нэртэй тоглолтоо албан ёсоор эхлүүллээ.
Энэ оны эхээр тус цогцолборт тоглохоо зарлах үеэр хамтлагийн үүсгэн байгуулагч бөгөөд бөмбөрчин Ларс Ульрих 2023 оны есдүгээр сард Sphere-ийн нээлтийг хийсэн U2 хамтлагийн тоглолтыг үзээд уг тайзан дээр гарах шийдвэрийг гаргасан тухайгаа хуваалцсан байна. Тэрээр "2023 онд U2 хамтлагийн тоглолт эхлээд ердөө 12 секунд өнгөрөхөд л бид үүнийг заавал хийх ёстой гэж бодсон. Энэ бол огт судлагдаагүй шинэ орчин" хэмээн дурдаж, үзэгчидтэй шинэ байдлаар харилцах өөр нэг боломж болж байгаад сэтгэл маш их догдолж буйгаа илэрхийлжээ.
Metallica 2023 оны "M72 World Tour" аялан тоглолтоороо эхлүүлсэн "No Repeat Weekend" уламжлалаа Sphere-ийн тоглолтуудад үргэлжлүүлж байгаа тул үзэгчид дараалсан өдрүүдэд огт давтагдахгүй хоёр өөр үзүүлбэрийг үзэх боломжтой юм. Хамтлаг энэ болон дараагийн сараас гадна 2027 оны эхний гурван сард багтаан гуравдугаар сарын 13 хүртэл тоглох хуваарьтай байна.
Үүнээс гадна тус хамтлаг "M72 World Tour" аялан тоглолтдоо 12 шинэ тов нэмснээ өнгөрсөн сард зарласан бөгөөд уг аялан тоглолт тавдугаар сарын 8-нд Ванкувераас эхэлж, зургадугаар сарын 19-нд Солт-Лейк хотод үргэлжлэх аж. Ингэснээр Metallica нь Eagles, Backstreet Boys, No Doubt, Кенни Чесни болон саяхан тоглолтоо зарласан Жон Мэйер зэрэг Sphere цогцолборт тоглосон уран бүтээлчдийн жагсаалтад нэгдэж байна.