Сүүлийн үед хиймэл оюун ухаан (AI) хөдөлмөрийн зах зээлийг бүхэлд нь өөрчилж байгаатай холбоотойгоор олон хүн ирээдүйдээ санаа зовниж байна. Гэвч "Entrepreneur" сэтгүүлийн шинжээчдийн үзэж буйгаар, 1981-1996 оны хооронд төрсөн мянганыхан буюу "Millennials" үеийнхэн энэхүү технологийн шилжилтийн үед хамгийн их хожих боломжтой бүлэг ажээ.

Мянганыхан залуу насандаа 2008 оны дэлхийн санхүүгийн хямрал, 9/11-ийн халдлагын дараах нийгмийн тогтворгүй байдал, орон сууцны зах зээлийн хүндрэл зэрэг олон том сорилтыг туулсан юм. Эдгээр үйл явдал нь тэднийг аливаа өөрчлөлтөд дасан зохицох чадвартай, тэсвэр хатуужилтай болгож хүмүүжүүлжээ. Технологийн хурдацтай хөгжил нь зөвхөн код бичих эсвэл машин ажиллуулах тухай биш, харин тулгарсан асуудлыг хэрхэн бүтээлчээр шийдвэрлэх гэдэгт оршдог.

Мянганыхны хувьд "дотоод ажил" буюу өөрийгөө хөгжүүлэх, сэтгэл зүйн хувьд төлөвших үйл явц нь тэднийг хиймэл оюун ухаантай харилцахад илүү бэлтгэлтэй болгосон гэж үзэж байна. AI нь зөвхөн мэдээлэл боловсруулах хэрэгсэл төдийгүй, хүний сэтгэлгээг өргөжүүлэх чадвартай. Мянганыхан технологийн өмнөх үе болон дараах үеийг хоёуланг нь мэдэрсэн учраас AI-г амьдрал, бизнестээ хэрхэн үр дүнтэй уялдуулах тал дээр илүү уян хатан хандаж чаддаг.

Дэлхийн зах зээл дээр хиймэл оюун ухааныг ашиглан ажлын бүтээмжээ нэмэгдүүлж буй хүмүүсийн дийлэнх нь энэ үеийнхэн байна. Энэ нь тэдний зөвхөн технологийн мэдлэгтэй холбоотой бус, харин амьдралын туршлагаар хуримтлуулсан "асуудал шийдвэрлэх арга барил" нь хиймэл оюун ухааны логиктой нийцэж байгаагийн илрэл юм. Өөрөөр хэлбэл, AI бол тэдний хувьд зүгээр нэг шинэ тоглоом биш, харин өөрсдийн туршлагаа илүү өндөр түвшинд гаргах зэвсэг болж байна.

Тиймээс, хэрэв та мянганыхны үеийнхэн бол технологийн энэ эринд өөрийгөө гол тоглогч гэдгээ ухамсарлах цаг болжээ. Таны туулсан бэрхшээл бүр өнөөдөр хиймэл оюун ухааныг удирдах, илүү том амжилтад хүрэхэд тань туслах туршлага болон үлджээ.