Хоолны зураг уг нь хүмүүсийн дуршлыг хөдөлгөх учиртай байдаг. Гэтэл сүүлийн үед цахим сүлжээнд тархаж буй зарим зураг хоолны таваг дээр бус, харин цэснээс гараад мөлхөөд ирэх вий гэмээр хачин жигтэй харагдах болжээ.

Технологийн сэтгүүлч Сэм Биддл өнгөрсөн амралтын өдрүүдэд нэгэн дели буюу бэлэн хоол, хүнсний дэлгүүрийн самбарын зургийг X хуудсандаа хуваалцсан байна. Тэрхүү зураг дээр гоймон дээр тавьсан, сам хорхой шиг хэлбэртэй арваад гялгар бейгл талх мэт харагдах дүрслэл байжээ. Мөн төгс дугуй хэлбэртэй гоймон, хэт толигор хавчуургатай талх, орцууд нь хоорондоо ууссан мэт зурагтай хоолнууд цэсэнд багтсан байв. Биддл энэ талаар бичихдээ уламжлалт график дизайн шахагдаж, хиймэл оюуны чанаргүй бүтээл дэлгүүрүүдэд тархаж байгаа нь Лавкрафтын аймшгийн зохиолыг санагдуулам хоолны дүрсийг бий болгож байна гэжээ.

Сошиал хэрэглэгчдийн хариу үйлдэл

Энэхүү нийтлэл олон нийтийн анхаарлыг татаж, хэрэглэгчид дели, ресторан, хоолны машин, үзэсгэлэн худалдаа, тэр ч байтугай шуудангийн хайрцагтаа ирсэн хиймэл оюунаар хийсэн мэт харагдах сурталчилгаануудыг хуваалцаж эхэлсэн байна. Зарим хэрэглэгч орцууд нь хоорондоо хайлж ууссан мэт сэжигтэй төгс харагдах сэндвичүүдийг нийтэлсэн бол бусад нь зөгийн үүр шиг нүхтэй талх, мөөг эсвэл тэмтрүүл шиг хачиртай бургеруудыг хуваалцжээ.

Хэрэглэгч Адам Жонсон өвөрмөц, бага зардлаар хийсэн хаягуудыг ийм хачин жигтэй бүтээлүүд орлож, соёлын нэг жижиг хэсэг алга болж байна хэмээн байр сууриа илэрхийлжээ. Мөн харилцаа холбооны захирал Жюль Мосслер жижиг бизнесүүд хямд, илүү мэргэжлийн харагдах хэрэгсэл рүү хандаж болохыг ойлгож буй ч, энэ нь гар хийцийн нандин онцлогийг үгүй хийж байгааг дурдсан байна.

Хиймэл оюуны чанаргүй контент буюу "AI slop"

Энэхүү дургүйцэл нь цахим ертөнцийг бүрхэж буй чанаргүй контенттой холбоотой томоохон эсэргүүцлийн нэг хэсэг юм. "AI slop" гэдэг нэр томьёо нь хиймэл оюунаар их хэмжээгээр, хямд өртгөөр үйлдвэрлэсэн, чанар муутай дижитал контентыг ерөнхийд нь илэрхийлдэг. Энэ нэр томьёо маш их тархсан тул Merriam-Webster толь бичиг үүнийг "2025 оны шилдэг үг"-ээр сонгосон байна.

Цахим платформууд ч үүний эсрэг арга хэмжээ авч эхэлжээ. Тухайлбал, Pinterest платформ хэрэглэгчдийнхээ санал хүсэлтийн дагуу хиймэл оюунаар үүсгэсэн зургуудыг бага харуулах тохиргоог нэвтрүүлж, хоол болон ундааны ангилалд хүртэл өргөжүүлсэн байна.