Хэт түгээмэл үг хэллэг, тогтсон бүтэцтэй өгүүлбэрүүд болон урт зураас (em dash) зэрэг нь сүүлийн үед уншигчдын дунд хиймэл оюунаар (AI) бичсэн эсэхийг таних гол шинж тэмдэг болж хувирчээ. Гэвч үүний улмаас өөрийн хүчээр бичиж буй залуу зохиолч, сэтгүүлчид AI ашигласан гэх үндэслэлгүй шүүмжлэл, хардлагад ихээр өртөж, улмаар урам зориг нь мохох болов. Хэдийгээр AI илрүүлэгч төрөл бүрийн хэрэгслүүд байдаг ч тэдгээр нь төгс бус, найдвартай бус үр дүн үзүүлдэг байна.

Залуу уран бүтээлчдийн өмнөх эргэлзээ

Зохиолчдын нийгэмлэгийн (Society of Authors) мэдээлснээр уран зохиолын бичээчдийн 20 хувь, баримтат зохиолчдын 25 хувь нь AI ашигладаг гэжээ. Харин уран зохиолын зохиолчдын 65 хувь, баримтат зохиолчдын 57 хувь нь хиймэл оюун тэдний цаашдын бүтээлээс олох орлогод сөргөөр нөлөөлнө гэж үзэж байгаа аж.

Театрын мэдээний Broadway World сайтын урлагийн сэтгүүлч, саяхан их сургуулиа төгссөн Алекс Дель Куэто хиймэл оюун хүчээ авч буй энэ үед ажлын талбарт хөл тавьж байгаадаа санаа зовж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр AI-ийн өсөлт залуу сэтгүүлч байна гэдгийг бараг боломжгүй зүйл болгож байгааг дурдаад, аль хэдийн өрсөлдөөнтэй байсан салбарыг улам хүндрүүлснийг онцолсон байна. Залуу уран бүтээлчдийн хувьд салбарын хурдаас хоцрохгүйн тулд AI ашиглах уу, эсвэл уншигчдын итгэлийг алдахгүйн тулд түүнээс бүрэн татгалзах уу гэх сонголтын өмнө гацжээ.

Сэтгэл зүй ба нэр хүндэд ирэх дарамт

Ном болон нийтлэлүүдэд чатботын асуулга үлдэх эсвэл хуурамч эшлэл зохиогдох зэрэг тохиолдлуудаас болж уншигчдын үл итгэх байдал нэмэгдсэн. Улмаар олон нийт өөрт таалагдаагүй ном, зураг, нийтлэлийг шууд л "AI байна" хэмээн доромжлох байдлаар буруутгах болжээ.

Үүнээс үүдэн AI ашиглаагүй хэрнээ гүтгэгдсэн уран бүтээлчид сэтгэл зүйн дарамт, түгшүүрт автаж байна. Нью-Йоркийн хотын их сургуулийн Крейг Ньюмаркийн нэрэмжит Сэтгүүл зүйн дээд сургуулийн оюутан Барб Кей-ийн хэлснээр AI ашиглах нь бичээчдийн хувьд нэгэн төрлийн гутамшиг болж магадгүй бөгөөд судалгаа эсвэл нийтлэл бичихэд AI ашиглахыг харах нь урам хугалдаг гэлээ.

Зарим залуу зохиолчид өөрсдийн ур чадвараа хөгжүүлэхээс илүүтэй бичсэн зүйл нь робот шиг харагдах вий гэдгээс эмээж, "урт зураас хэтрүүлж хэрэглэчихэв үү" эсвэл "энэ үгийг өөрөө бичсэн гэдэгт итгэх болов уу" хэмээн өөрийгөө хэт хянах болсон байна.