“Total Eclipse of the Heart” хит дуугаараа дэлхий даяар танигдсан Уэльсийн алдарт дуучин Бонни Тайлер 75 насандаа өнгөрсөн сард Португалын эмнэлэгт таалал төгссөн билээ. Түүний шарилыг төрсөн нутагт нь авчрах үеэр бямба гарагт (8-р сарын 15) Уэльсийн далайн эргийн тосгоны гудамжинд олон зуун шүтэн бишрэгч нь цуглан сүүлчийн замд нь үдлээ.

Тайлер 5-р сард Португалын Фаро хот дахь гэртээ байхдаа гэдэсний яаралтай хагалгаанд орж эмнэлэгт хэвтээд байсан юм. Суонси хотын ойролцоох Мамблс тосгоны гудамжинд Их Британи болон бусад орноос ирсэн хүмүүс, орон нутгийн иргэд цуглаж, Уэльсийн төрийн далбаагаар бүрсэн авсыг тээвэрлэсэн гашуудлын цувааг харж хүндэтгэл илэрхийлжээ. Мөн түүний өмнө нь амьдарч байсан байшингийн гадаа олон хүн цэцэг өргөн хүлээж байв.

Жинхэнэ нэрийг нь Гейнор Хопкинс гэдэг тэрбээр Уэльсийн Скюэн хэмээх газар нүүрсний уурхайчны гэр бүлд өсжээ. Грэммийн шагналд гурван удаа нэр дэвшиж байсан уран бүтээлч 2013 онд Их Британийг төлөөлөн “Евровижн” дууны тэмцээнд оролцож 19-р байр эзэлж байсан юм. Мөн 2022 онд Их Британийн хатан хаан II Елизаветагаас Британийн эзэнт гүрний одон (MBE) хүртсэн билээ.

Түүний 1983 оны “Total Eclipse of the Heart” дуу Их Британи, АНУ-ын чартуудыг тэргүүлж байсан бөгөөд 1 тэрбум гаруй сонсолт хүрсэн түүхтэй. Түүнчлэн тэрээр “It’s a Heartache” болон “Footloose” киноны soundtrack болох “Holding Out For a Hero” зэрэг олон хит уран бүтээлээрээ алдартай.

Дуучны гэр бүл, найз нөхдөд зориулсан дурсгалын арга хэмжээ даваа гарагт (8-р сарын 17) Суонси хотын сүмд болох бөгөөд үүний дараа түүний төрөлх Скюэн тосгоноор сүүлчийн замыг нь өнгөрүүлэх хуваарьтай байна.