Технологийн хөгжил хурдасхын хэрээр улс орнуудын дэд бүтэц, цахим сүлжээнд хийх халдлагын аюул улам бүр бодитой болсоор байна. Үүнтэй холбогдуулан АНУ-ын Холбооны мөрдөх товчоо (FBI) кибер дайны эсрэг бэлтгэлээ хангах сонирхолтой бөгөөд нууцлаг алхам хийжээ. Тэд Алабама мужид байрлах нэгэн барилгын дотор бодит амьдрал дээрх жижиг хотыг дуурайлган бүтээсэн байна.
Энэхүү «бяцхан хот» нь зүгээр нэг үзүүлэн биш юм. Үүнд банк, эмнэлэг, цахилгаан станц, усны систем болон бусад чухал дэд бүтцийн байгууламжуудыг цахим сүлжээгээр холбон, бодит амьдрал дээрх хотын үйл ажиллагааг бүрэн дүүрэн бүрдүүлжээ. Ингэснээр FBI-ийн кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд хакерууд чухал дэд бүтцэд хэрхэн нэвтэрч, ямар хохирол учруулж болохыг аюулгүй, хяналттай орчинд турших боломжтой болж байна.
Өнөө үед улс орнуудын эрчим хүч, санхүүгийн систем нь интернэтэд бүрэн холбогдсон байдаг тул кибер халдлага нь зөвхөн компьютерийн дэлгэц дээрх асуудал биш, харин бодит амьдрал дээрх гамшиг болох эрсдэлтэй. Жишээлбэл, хакерууд хотын цахилгаан түгээх сүлжээг доголдуулснаар эмнэлэг, харилцаа холбоо, тээврийн хэрэгсэл бүгд зогсох аюултай юм. FBI-ийн энэхүү сургалтын талбар нь ийм төрлийн халдлагыг урьдчилан таамаглах, илрүүлэх, хариу арга хэмжээ авах чадварыг сайжруулахад чиглэж байна.
Энэхүү төсөл нь кибер аюулгүй байдлын салбарт хийгдэж буй хамгийн том бөгөөд шинэлэг туршилтуудын нэг гэж мэргэжилтнүүд үзэж байна. АНУ-ын хууль сахиулах байгууллагууд ийнхүү технологийн давуу талыг ашиглан, хакеруудын сэтгэхүйгээр сэтгэж, болзошгүй аюулаас сэргийлэх бэлтгэлээ хангаж байгаа нь дэлхий дахинд анхаарал татаж байна.