Хоёрдугаар сарын 28-нд АНУ болон Израилын хүчин Иран улс руу цохилт өгснөөр Ойрхи Дорнодын геополитикийн нөхцөл байдал сүүлийн жилүүдэд байгаагүйгээр хурцдаад байна. Энэхүү үйл явдлын төвд дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн хамгийн чухал гарц болох Хормузын хоолой орлоо.

Хамгийн нарийн хэсэгтээ ердөө 34 км өргөн энэхүү хоолой нь дэлхийн эдийн засгийн “амьсгалын цорго” гэгддэг. Дэлхийн газрын тосны тээвэрлэлтийн ихээхэн хэсэг нь энэ нарийн зурвасаар дамждаг тул энд үүссэн аливаа түгшүүр нь дэлхийн зах зээлд шууд нөлөөлдөг. Мөргөлдөөн эхэлснээр энэхүү бүс нутаг нь зөвхөн цэргийн стратегийн цэг бус, дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа халуун цэг болон хувирав.

НҮБ-ын мэдээлснээр, дайны хөл үймээн дунд ч далайн амьдрал, байгалийн үзэсгэлэн үргэлжилсээр байгаа ч хүн төрөлхтний үл ойлголцол энэхүү эмзэг бүс нутгийг сүйрлийн ирмэгт аваачаад байна. “Далайд хил хязгаар гэж үгүй” хэмээх үг нь энэ удаад геополитикийн хурцадмал байдал хил хязгааргүй тархаж болзошгүйг сануулж байна.

Олон улсын шинжээчид энэхүү мөргөлдөөн нь зөвхөн бүс нутгийн чанартай бус, дэлхийн эрчим хүчний аюулгүй байдал болон тээврийн сүлжээнд ноцтой сорилт учруулна гэж үзэж байна. Одоогийн байдлаар дэлхийн улс орнууд дипломат арга замаар хурцадмал байдлыг намжаахыг уриалж байгаа бөгөөд Хормузын хоолойн аюулгүй байдал нь олон улсын харилцааны хамгийн чухал сэдэв болоод байна.