Дэлхийн газрын тос болон шингэрүүлсэн байгалийн хийн нийлүүлэлтийн тавны нэгийг дамжуулдаг Хормузын хоолойгоор дамжин өнгөрөх тээвэрлэлтүүд одоогоор зогсонги байдалд байна. Японы тээврийн аварга компани болох Mitsui O.S.K. Lines-ийн гүйцэтгэх захирлын мэдээлснээр, тээвэрлэгчид АНУ болон Ираны хооронд байгуулагдсан хэлэлцээр нь бодит үр дүн авчрах эсэхийг хэдэн долоо хоногийн турш ажиглахаар шийджээ.
Хоёрдугаар сарын 28-нд АНУ болон Израил улсууд Ираны эсрэг цэргийн ажиллагаа явуулснаас хойш тус бүс нутгийн нөхцөл байдал хурцадсан юм. Энэхүү мөргөлдөөний улмаас далайн тээврийн компаниуд аюулгүй байдлын үүднээс үйл ажиллагаагаа зогсоож, дэлхийн эрчим хүчний зах зээлд томоохон цохилт ирээд байна. Зөвхөн газрын тос, хий гэлтгүй хөнгөн цагаан, мочевин зэрэг үйлдвэрлэлийн түүхий эдийн тээвэрлэлт ч мөн саатаж, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд хүндрэл учруулж эхэллээ.
Mitsui O.S.K. Lines нь дэлхийн далайн тээврийн салбарт тэргүүлэгч, Японы томоохон тээврийн групп бөгөөд тэдний шийдвэр нь бусад тээвэрлэгчдэд томоохон дохио болж байна. Олон улсын тээврийн компаниуд зөвхөн улс төрийн мэдэгдэлд бус, бодит нөхцөл байдал сайжирч, далайн тээврийн аюулгүй байдал бүрэн хангагдахыг хүлээж байна. Хэрэв энэ нөхцөл байдал удаан үргэлжилбэл дэлхийн зах зээл дээрх эрчим хүчний үнэ өсөх эрсдэлтэй байгааг шинжээчид анхааруулж байна.
Одоогоор талууд хэлэлцээрийн хүрээнд тодорхой алхмууд хийж байгаа ч тээврийн компаниудын хувьд эрсдэл өндөр хэвээр байна. Далайн тээврийн салбар нь дэлхийн эдийн засгийн судас гэгддэг тул Хормузын хоолойн нөхцөл байдал нь зөвхөн бүс нутгийн асуудал бус, дэлхий даяарх эдийн засгийн тогтвортой байдалд чухал нөлөөтэй юм.