Английн Үндэсний Эрүүл Мэндийн Үйлчилгээ (NHS) иммунотерапийн эмийг тариа хэлбэрээр хийх шинэ аргыг нэвтрүүлснээр хорт хавдартай олон мянган өвчтөн эмчилгээний цагаа хэмнэх боломжтой болжээ. Уг шинэ тариа нь өмнө нь хэдэн цаг үргэлжилдэг байсан эмчилгээг хэдхэн минутад багтаах боломжтой юм байна.
Иммунотерапи нь хүний биеийн дархлааны системийг хорт хавдартай тэмцэхэд чиглүүлдэг эмчилгээний арга бөгөөд сүүлийн жилүүдэд хорт хавдрын эсрэг эмчилгээний чухал хэсэг болж байна. Өмнө нь иммунотерапийн эмийг дуслаар судсаар хийдэг байсан нь өвчтөнүүдийг эмнэлэгт урт хугацаагаар байлгах шаардлагатай болгодог байв.
Гэвч одоо эмийн компаниуд иммунотерапийн эмийг арьсан дор тарих боломжтой болгосноор эмчилгээний цаг эрс багасч, эмнэлгийн ачааллыг бууруулах боломжтой болж байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ нь өвчтөнүүдийн амьдралын чанарыг сайжруулахад чухал нөлөө үзүүлэх юм.
NHS-ийн мэдээлснээр энэхүү шинэ тариаг эхний ээлжинд хавдрын тодорхой төрлүүдтэй өвчтөнүүдэд санал болгох бөгөөд цаашид бүх иммунотерапийн эмчилгээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа аж. Энэ нь хорт хавдартай өвчтөнүүдэд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулах, эмчилгээний үр дүнг дээшлүүлэхэд чухал алхам болж байна.