Алдарт Paramore хамтлагийн ахлагч, дуучин Хэйли Уильямс өөрийн байр сууринаас няцахгүй гэдгээ дахин харууллаа. Тэрбээр Калифорни мужийн Чула Виста хотод болсон тоглолтынхоо үеэр “F–k ICE” болон “Free Palestine” гэсэн үгсийг хашхирсан бөгөөд үүний хариуд АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам (DHS) мэдэгдэл хийсэн юм.

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамнаас Fox News-т өгсөн тайлбартаа америкчууд холбооны хууль сахиулах албаныханд талархах ёстойг онцолж, дуучинд хандан тэдний гаргаж буй золиосыг доромжлохын оронд талархал илэрхийлэхийг сануулжээ. Харин Хэйли Уильямс Даваа гарагт өөрийн Instagram Story-доо тус яамны мэдэгдлийг нийтлэн, төрийн байгууллагад зориулсан хатуухан үгстэй, огтхон ч дипломат бус хариуг бичсэн байна.

Түүний тайзан дээр хэлсэн уг шүүмжлэл нь 2025 онд гаргасан бие даасан “Ego Death at a Bachelorette Party” цомгийн “Ice in My OJ” дууг дуулах үеэр өрнөжээ. Түүнчлэн тэрбээр одоогийн амьд тоглолтууддаа улс төрийн өнгө аясыг байнга тусгаж байгаа бөгөөд “True Believer” дуугаа дуулахын өмнө “Америкийн ардчилалд учирч буй хамгийн том аюул бол христийн үндсэрхэг үзэл” хэмээн мэдэгдэж байсан юм.

Хэйли Уильямс Paramore хамтлагийн хамтаар 2013 оны “Paramore” болон 2023 оны “This Is Why” цомгуудаараа Billboard 200 жагсаалтыг тэргүүлж байв. Мөн түүний бие даасан уран бүтээлүүд болох 2020 оны “Petals for Armor”, 2021 оны “FLOWERS for VASES / descansos” болон “Ego Death at a Bachelorette Party” цомгууд бүгд уг жагсаалтад багтаж байжээ. Тэрбээр цаашид Primavera Sound Barcelona 2027 наадамд Turnstile, Doechii, Phoebe Bridgers зэрэг олон уран бүтээлчидтэй хамт тайзнаа гарахаар төлөвлөгдөөд байна.