Видео тоглоом хөгжүүлэгч алдарт Rockstar Games компани дэлхий нийтээр олон жил хүлээсэн Grand Theft Auto VI тоглоомоо Sony PlayStation 5 болон Xbox Series X/S платформд зориулан албан ёсоор гаргалаа. 2013 онд GTA 5 гарснаас хойш шүтэн бишрэгчид нь дараагийн ангийг 13 жил хүлээсэн бөгөөд уг тоглоом 2026 оны хамгийн их хүлээгдэж буй бүтээлээр нэрлэгдэж байсан юм.

Тоглоомын дижитал татах хувилбар болон биет хайрцагтай хувилбар нь 79.99 ам.долларын үнэтэй худалдаалагдаж байна. Хэдийгээр хайрцагтай хувилбарыг худалдан авсан ч дотор нь диск биш, харин тоглоомыг татаж авах код дагалдаж байгааг онцолжээ. Энэхүү бүтээл нь нээлтээ хиймэгцээ Amazon платформын хамгийн их борлуулалттай бүтээгдэхүүний жагсаалтыг тэргүүлж эхэлсэн байна.

Тоглоомын онцлог ба саундтрек

Тоглоомчдод хүссэн бүхнээ хийх боломжийг олгодог нээлттэй ертөнц, өндөр нарийвчлалтай дэвшилтэт график дүрслэлээс гадна GTA 6 нь өндөр чанарын саундтрек, радио сувгуудаараа онцгойрч байна.

Тоглоомын дууны жагсаалтад Travis Scott-ийн “RHYNO”, Yung Lean болон Future, Metro Boomin нарын хамтарсан “That’s It”, Morgan Wallen-ий “Last Thing You Need”, Rauw Alejandro-гийн “Macacoa 2000”, Keith Richards-ийн “Bright Lights, Big City” зэрэг олон төрлийн бүтээлүүд багтжээ. Мөн CA7RIEL, Paco Amoroso, PinkPantheress, Fred again.. болон Etienne de Crécy нарын хамтарсан “Sexy Magic” уран бүтээл тус тоглоомд орсон байна.