“Black Midi” хамтлагийн гоцлол дуучин асан Жорди Грип бэлгийн хүчирхийллийн хэрэгт холбогдсонтой холбогдуулан тайлбар хийж, Хойд Америк дахь аялан тоглолтынхоо хэд хэдэн товыг цуцалжээ.

Пүрэв гарагт (10-р сарын 8) Ванкувер хотын “The Pearl” концертын танхимын гадаа нэгэн хувь хүн тоглолт үзэхээр ирсэн хүмүүст ухуулах хуудас тараасан байна. Уг хуудсанд Жорди Грипийг хүчингийн хэрэгт буруутгасан агуулга байжээ. Үүний дараа Грип товлосон цагаасаа нэг цаг орчмын дараа тайзан дээр гарч, хамтлаггүйгээр ганцаарчлан тоглосон төдийгүй тараагдсан хуудастай холбоотойгоор тайлбар өгсөн байна.

Тэрбээр үзэгчдэд хандан өмнөх шөнө нь үдэшлэг дээр буруу ойлголцол гарч, нэгэн хүнтэй харилцах гэж оролдсон ч бүтэлгүйтсэн хэмээн тайлбарлажээ. Мөн тэр даруйдаа уучлалт гуйсан бөгөөд “Би хэзээ ч эмэгтэй хүнийг хүчирхийлэхгүй. Би хүчирхийлэгч биш” хэмээн мэдэгдсэн байна. Түүнчлэн Ванкувер дахь уг тоглолтын орлогыг Британийн Колумби мужийн хүчирхийллийн эсрэг байгууллагад хандивлах болсноо дуулгажээ.

Уг явдлын дараа Грип Хойд Америкийн аялан тоглолтынхоо зарим тоглолтыг цуцалсан байна. Үүнд Бойсе, Солт Лэйк Сити, Боулдер болон Денвер хотод болох байсан тоглолтууд багтжээ. Харин Де Мойн, Омаха хотуудад товлогдсон эцсийн хоёр тоглолт мэдээ гарах үед цуцлагдаагүй байсан юм. Түүнчлэн тэрбээр 11-р сарын 1-нд Нидерландаас эхлэн Европоор аялан тоглолт хийхээр төлөвлөөд байна.