Хөгжмийн салбарт олон арван жил ажиллаж, дэлхийн хэмжээний алдартай уран бүтээлчдийн карьерт томоохон нөлөө үзүүлсэн менежер Питер Катсис 69 насандаа таалал төгссөн тухай Billboard мэдээллээ. Тэрээр Backstreet Boys, Korn, The Smashing Pumpkins болон Snoop Dogg зэрэг олон алдартай уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байсан туршлагатай менежер байв.
Питер Катсис хөгжмийн бизнесийн гараагаа 23 насандаа төрсөн хот Чикагодоо эхлүүлж, «Ministry» хамтлагийг олж нээснээр салбарт танигдаж эхэлжээ. Хожим нь тэрээр «Trax Precision Records»-д ажиллах хугацаандаа хаус хөгжмийн урсгалын томоохон төлөөлөгчид болох Маршал Жефферсон, Адонис нарын тоглолтыг зохион байгуулагчаар ажиллаж байв. 1990 онд Лос-Анжелес хот руу нүүснээр түүний карьер илүү өргөжиж, The Cramps, Material Issue зэрэг уран бүтээлчидтэй хамтарч эхэлсэн байна.
Тэрээр 1997-2008 оны хооронд «The Firm» компанийн түншээр ажиллах үедээ Backstreet Boys, Энрике Иглесиас, Thirty Seconds to Mars зэрэг хамтлаг, дуучдыг дэлхийн од болгоход чухал үүрэг гүйцэтгэжээ. Ялангуяа 1999 онд Backstreet Boys хамтлагийн «Millennium» аялан тоглолтын үеэр нэг өдрийн дотор 765,000 тасалбар борлуулсан нь түүний ажлын үр дүн байсан юм. Энэхүү амжилт нь түүнд тайзны бүтээлч загварчлалаараа «Pollstar» шагнал хүртэхэд нөлөөлсөн байна.
Катсис мөн «Audioslave» рок хамтлагийн менежментэд томоохон хувь нэмэр оруулж, 2005 онд Куба улсад болсон томоохон тоглолтыг зохион байгуулахад оролцсон нь АНУ болон Кубын соёлын солилцооны нэг хэсэг болж байв. 2008 онд тэрээр «Prospect Park Entertainment» компанийг үүсгэн байгуулж, The Smashing Pumpkins, Жайнс Аддикшн, Айс Кьюб зэрэг уран бүтээлчдийн менежментийг хариуцаж байлаа. 2014 оноос хойш тэрээр Deckstar Management болон YM&U зэрэг компаниудад ажиллаж, Лиз Фэйр, Моррисси, Pentatonix болон 5 Seconds of Summer нарын аялан тоглолтын бэлтгэл ажлыг хариуцан ажиллаж байв.