Дэлхийн хөгжмийн салбарын томоохон тоглогчид болох Universal Music Group (UMG), Warner Music Group (WMG), Sony Music, HYBE, Believe болон бусад нэр хүндтэй дуу бичлэгийн студиуд хиймэл оюун ухаанаар (AI) бүтээгдсэн дуунуудыг хөгжмийн чартад оруулах эсэх асуудлаар шинэ зарчим, шаардлагуудыг танилцууллаа.

Энэхүү санаачилга нь хүний бүтээлч чадвар болон хиймэл оюунаар үүсгэсэн бүтээлүүдийн хооронд тодорхой хил заагийг тогтоох зорилготой юм. Хөгжмийн компаниудын санал болгож буй дөрвөн үндсэн шалгуур нь дараах байдалтай байна:

1. Дууг бүтээхэд ашигласан хиймэл оюуны платформ нь албан ёсны зөвшөөрөлтэй байх.
2. Зохиогчийн эрх, холбогдох эрхүүд болон хувь хүний эрхийг бүрэн хангасан байх.
3. Хиймэл оюун ашигласан болохыг тодорхой тэмдэглэж, олон нийтэд мэдээлсэн байх.
4. Дууг голчлон хүн бүтээсэн байх ёстой бөгөөд стриминг тоог хуурамчаар өсгөх зэрэг аливаа манипуляцийн шинжгүй байх.

Түүнчлэн, IFPI, RIAA зэрэг байгууллагуудын оролцоотойгоор хиймэл оюунаар бүтээсэн дуунуудыг "AI-generated" (бүхэлдээ хиймэл оюунаар бүтсэн) болон "AI-assisted" (хийсвэр технологийн тусламжтай бүтсэн) гэсэн хоёр төрлийн тэмдэглэгээтэй болгох санал гарчээ. Хөгжмийн компаниудын зүгээс "AI-generated" гэж тэмдэглэгдсэн дуунуудыг чартын шалгаруулалтад оруулахгүй байхыг уриалж байна.

Энэхүү санаачилга нь дэлхий даяарх чарт хянагчид болон салбарын байгууллагуудад нэгдсэн удирдамж өгөх зорилготой юм. Одоогоор Billboard зэрэг хөгжмийн чартын байгууллагууд болон стриминг үйлчилгээнүүд эдгээр зарчмыг албан ёсоор хүлээн аваагүй байна.

Сануулахад, Luminate тайлангийн судалгаагаар сонсогчдын 42 хувь нь хиймэл оюунаар бүтээгдсэн дууг сонсох сонирхол багатай гэдгээ илэрхийлжээ. Мөн 2024 онд томоохон дуу бичлэгийн студиуд Suno болон Udio зэрэг хиймэл оюуны компаниудыг зохиогчийн эрх зөрчсөн хэргээр шүүхэд өгөөд байгаа билээ.