Хөгжмийн салбарынханд тусламж дэмжлэг үзүүлдэг ашгийн бус MusiCares байгууллагаас 2026 оны "Wellness in Music" судалгааныхаа гол үр дүнг мягмар гарагт (11-р сарын 10) танилцууллаа. Тус судалгаанаас үзэхэд хөгжмийн салбарт санхүүгийн тогтворгүй байдал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж муу байх болон сэтгэцийн эрүүл мэндийн бэрхшээлүүд хоорондоо нягт холбоотой хэвээр байна.

Энэ удаагийн судалгаанд АНУ-ын бүх муж болон Пуэрто-Рикогийн хөгжмийн салбарын 40 гаруй мэргэжлийг төлөөлсөн 3,300 гаруй уран бүтээлч, мэргэжилтнүүд англи болон испани хэлээр хамрагджээ. Жил бүр явуулдаг уг судалгаа нь санхүүгийн баталгаатай байдал, бие махбод болон сэтгэцийн эрүүл мэнд, эрүүл мэндийн даатгал ба урьдчилан сэргийлэх үзлэгийн хүртээмж, бодисын хэрэглээ, цаашид хөгжмийн салбартаа тогтвортой ажиллах итгэл зэрэг 100 гаруй үзүүлэлтийг хамруулдаг байна.

Залуу үеийнхэнд чиглэсэн судалгаа ба тусламж

Энэ жилийн судалгаанд талийгаач реппер Juice WRLD-ийн дурсгалд зориулж түүний ээж Кармела Уолласын үүсгэн байгуулсан "Live Free 999" байгууллагын дэмжлэгтэйгээр 18-аас 24 насны залуу уран бүтээлчдийг тусгайлан хамруулжээ. Ингэснээр салбарт шинээр хөл тавьж буй залуу үеийнхэнд тулгарч буй бэрхшээлийг нарийвчлан судлах боломж олгосон байна.

1989 онд байгуулагдсанаасаа хойш MusiCares нь хөгжмийн салбарынханд нийт 146 сая гаруй ам.долларын санхүүгийн тусламж үзүүлээд байгаа аж. Судалгааны үр дүнд тулгуурлан Maven Clinic-ээр дамжуулан эмэгтэйчүүд болон гэр бүлийн тусламж үйлчилгээ үзүүлэх, каннабисын хэрэглээний талаарх мэдлэг олгох, урьдчилан сэргийлэх тусламжийг өргөжүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж иржээ. Мөн сэтгэцийн эрүүл мэндийн өндөр эрсдэлийг харгалзан The Jed Foundation (JED)-тэй хамтран хөгжмийн салбарынханд зориулсан "Tune Into Mental Health" хөтөлбөрийг өргөжүүлсэн байна.

MusiCares-ийн зүгээс уг салбарт зөвхөн хувь хүнд чиглэсэн эрүүл мэндийн арга хэмжээ авахаас гадна уран бүтээлчид эрүүл, тогтвортой карьер бүтээх боломжийг бүрдүүлэх үндсэн нөхцөлүүдийг анхаарах шаардлагатайг онцолжээ.