Лас Вегас хотын “T-Mobile Arena”-д болсон “Golden State Warriors” болон “Los Angeles Lakers” багуудын улирлын өмнөх тоглолтын үеэр нэгэн сонирхолтой явдал болжээ. Тоглолтын завсарлагаанаар нэгэн хөгжөөн дэмжигч эмэгтэй лангуунаас амттан авахаар зогсож байсан эрхмийг “Warriors” багийн ахлах дасгалжуулагч Стив Керр хэмээн андуурсан байна.

Буурал үс, цэнхэр нүдээрээ алдарт дасгалжуулагчтай усны дусал шиг адилхан харагдах тэрхүү эрд баярласнаа илэрхийлж, нийгмийн болон улс төрийн үйл хэрэгт нь талархал илэрхийлсэн эмэгтэй түүний захиалсан 46 долларын шар айраг, начос, M&M’s чихрийн төлбөрийг картаараа төлжээ. Улмаар зураг хамт даруулаад яаран одсон байна.

Гэвч тэрхүү эрхэм нь жинхэнэ Стив Керр биш, харин Лас Вегасын “Bishop Gorman” ахлах сургуулийн англи хэлний багш Стив Гиллис байв. Сошиал ертөнцөд Керртэй тун адилхан царайгаараа танигдсан Гиллис SF Chronicle сонинд ярихдаа уг явдалд хэт балмагдсандаа болоод учрыг тайлбарлаж амжаагүй тухайгаа хуваалцжээ.

“Summerlin Volleyball Academy”-ийг үүсгэн байгуулагчдын нэг, 1998 оноос хойш АНУ-ын волейболын шигшээ багийн арын албанд ажиллаж байсан Гиллисийг 1990-ээд онд Стив Керр “Chicago Bulls” багт Майкл Жордантай тоглож байх үеэс л хүмүүс андуурч эхэлсэн гэнэ.

Энэхүү тоглолтод 9 болон 10 настай хөвгүүдтэйгээ ирж, “Warriors”-ын сэлгээний суудлын ардхан сууж байсан Стив Гиллисийг жинхэнэ Стив Керр ч анзаарчээ. Тоглолтын завсарлагаанаар өөрийнх нь ихэр мэт эрийг харсан дасгалжуулагч Керр зааварчилгаа өгч байснаа гэнэт зогсож, түүн рүү таван секундийн турш гайхан ширтсэн нь цахим сүлжээнд шуугиан тарьсан байна.