Хөрөнгө оруулалтын Miller Value Partners компанийн ТУЗ-ийн дарга бөгөөд Хөрөнгө оруулалт хариуцсан захирал (CIO) Билл Миллер IV BMTV сувгийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ Биткойны ирээдүйд яагаад өөдрөг хэвээр байгаа талаараа ярилаа.
Зах зээлийн ерөнхий хандлага, уур амьсгал FTX биржийн дампуурлын үеийн доод түвшинд ойртоод байгаа ч тэрээр байр сууриа хамгаалсан юм. Түүний онцолсноор, Биткойны ханш хэдхэн сарын дотор 63 мянган ам.доллароос 87 мянгад хүрч, улмаар эргээд 68 мянган ам.доллар руу унасан байна. Энэхүү хүчтэй савалгааг тэрээр өндөр өгөөжтэй, шилдэг хөрөнгийг эзэмшихэд төлдөг зайлшгүй төлөөс хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ.
Алтнаас ч ховор хөрөнгө
Билл Миллер Биткойныг алттай зүйрлэн тайлбарлахдаа тус цахим мөнгөний бодит үнэлгээний боломж нь одоогийн зах зээлийн үнэлгээнээс хамаагүй өндөр түвшинд байгааг тэмдэглэв.
Түүнчлэн тэрээр Биткойны нийлүүлэлт жилд ердөө 80 суурь нэгжээр (0.8%) өсөж байгаа нь түүнийг алтнаас ч илүү ховор, үнэ цэнтэй хөрөнгө болгож байна гэж тайлбарласан юм.