АНУ-ын хууль сахиулах байгууллагууд Цагаан ордны ойролцоо зохион байгуулагдах байсан холимог тулааны (MMA) тэмцээний үеэр томоохон халдлага үйлдэхээр төлөвлөж байсан бүлэг этгээдийг илрүүлэн баривчилснаа мягмар гарагт зарлалаа. Тус арга хэмжээнд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон төрийн өндөр дээд албан тушаалтнууд оролцохоор төлөвлөж байсан юм.

Холбооны мөрдөх товчооны (FBI) дарга Каш Пателын мэдээлснээр, олон муж дамнан явуулсан шуурхай ажиллагааны үр дүнд халдлага хийхээр завдсан таван этгээдийг саатуулжээ. Тэд дрон болон мэргэн буучийн зэвсэг ашиглан халдлага үйлдэхээр төлөвлөж байсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тодорхой болоод байна. “Манай алба хаагчид болон Хууль зүйн яамны хамтын ажиллагааны ачаар аюултай төлөвлөгөөг цаг алдалгүй таслан зогсоолоо” хэмээн Каш Пател өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэв.

Холимог тулаан буюу MMA нь дэлхий даяар асар их үзэгчтэй, түрэмгий шинжтэй спортын төрөл бөгөөд АНУ-д маш өндөр хамгаалалт дор зохион байгуулагддаг. Энэ удаагийн халдлагын оролдлого нь төрийн тэргүүн болон бусад нөлөө бүхий хүмүүсийн аюулгүй байдалд заналхийлсэн ноцтой үйлдэл болж байна.

Одоогоор баривчлагдсан этгээдүүдийн сэдэл болон тэдний ард ямар нэгэн зохион байгуулалттай бүлэг байгаа эсэхийг хууль сахиулагчид үргэлжлүүлэн шалгаж байна. АНУ-ын тагнуулын болон аюулгүй байдлын албад олон нийтийн цуглаан ихтэй арга хэмжээнүүдийн үеэр аюулгүй байдлын арга хэмжээг улам чангатгахаа мэдэгдлээ.