Урьд өмнө цахим залиланг танихад тун хялбар байдаг байв. Үсгийн алдаатай, сэжигтэй хаягаас ирсэн, эсвэл учир замбараагүй холбоос агуулсан байдаг тул шууд устгаад өнгөрөхөд хангалттай байсан билээ. Харин орчин үеийн цахим залилангууд илүү нарийсч, бидний өдөр тутмын хэвийн харилцааг дуурайн үйлдэгдэх болжээ.

Хамгийн аюултай залилан нь энгийн зүйл мэт харагддаг

Орчин үед залилагчид таныг хүргэлт хүлээж авах, банкны мэдэгдэл ирэх, эсвэл таньдаг хүнтэйгээ харилцах гэх мэт энгийн нөхцөл байдалд итгүүлэхийг зорьж байна. Тухайлбал, хүргэлтийн хуурамч мэдэгдэл нь та яг илгээмж хүлээж суух тэр үед ирэх, эсвэл банкнаас сэжигтэй гүйлгээ гарсан тул шалгахыг хүссэн энгийн зурвас хэлбэрээр ирдэг байна. Залилагчид танил нөхцөл үүсгэж, багахан асуудал эсвэл боломж гарган ирж, түүнийг шийдэх хялбар арга санал болгох замаар хүний шийдвэр гаргах орчныг удирдахыг эрмэлздэг аж.

Яаруулах нь залилагчдын гол арга барил

Энэ төрлийн халдлагын хамгийн ашигтай сэрэмжлүүлэг дохионуудын нэг нь шахалт буюу яаруулах явдал юм. Дансыг тань хаах гэж буйг сануулах, төлбөр буцаагдсан гэх, эсвэл яаралтай арга хэмжээ авахгүй бол боломж алдагдана гэж яаруулдаг. Энэ нь тухайн мэдээлэл бодитой эсэхийг эргэцүүлж шалгахаас өмнө шийдвэр гаргуулах зорилготой юм.

Иймд хэрэв банкнаас зурвас ирсэн гэвэл тэр доторх холбоос, утасны дугаарыг ашиглахгүйгээр албан ёсны апп болон вэбсайтаар нь өөрөө хандах нь чухал. Мөн аль нэг компаниас холбогдож байвал холбоо барих мэдээллийг нь бие даан хайж олохыг зөвлөж байна.

Гадаад үзэмжид бүрэн итгэж болохгүй

Үсгийн алдаа, эргэлзээтэй холбоосыг анзаарах нь тустай хэвээр байгаа ч бүрэн хамгаалалт болж чадахгүй болжээ. Учир нь үүсгэгч хиймэл оюун ухаан (Generative AI) нь найруулга сайтай, үнэмшилтэй текст бичих боломжийг олгож байгаа бөгөөд залилагчид албан ёсны брэнд, хуулбарласан сайтуудыг ашиглан мэргэжлийн түвшинд харагдуулах болсон байна. Тиймээс өнгө үзэмжээр нь дүгнэхээс илүүтэй, хүсэлт өөрөө бодитой эсэхийг шалгах нь чухал юм.

Түүнчлэн нууц үг, санхүүгийн мэдээлэл, баталгаажуулах код нэхэх, программ суулгахыг шаардах, алсын зайнаас хандах эрх өгөхийг хүсэх, үл мэдэгдэх QR код уншуулах, эсвэл ер бусын аргаар төлбөр хийхийг санал болговол онцгой сэрэмжтэй байх хэрэгтэй.