Ажил хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүдийн дунд цэвэршилтийн өмнөх болон цэвэршилтийн үеийн өөрчлөлтүүд нь ажлын бүтээмжид томоохон сорилт болж байгааг шинэ судалгаа харууллаа. Эмэгтэйчүүдийн карьерын асуудлаар мэргэшсэн InHerSight платформын мэдээлснээр, эмэгтэйчүүдийн 76 хувь нь дааврын өөрчлөлтөөс үүдэлтэй шинж тэмдгүүд нь тэдний ажилд тогтмол буюу сард олон өдрөөр нөлөөлдөг гэдгийг хүлээн зөвшөөрчээ.
Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн талаас илүү хувь нь цэвэршилтийн өмнөх болон цэвэршилтийн үеийн өөрчлөлтүүдэд "огт бэлтгэлгүй" байгаагаа илэрхийлсэн байна. Гэсэн хэдий ч тэдний дийлэнх нь энэхүү үйл явцын нөлөөг ажил дээрээ аль хэдийн мэдэрч эхэлжээ.
Эдгээр шинж тэмдгүүд нь зөвхөн бие махбодоор зогсохгүй сэтгэл зүйд ч нөлөөлж, ажлын орчинд саад учруулдаг байна. Үүнд ой санамж муудах, анхаарал төвлөрөлт буурах, тархины үйл ажиллагаа удаашрах (brain fog), ядаргаа, үе мөчний өвдөлт, халуу оргих, нойргүйдэл, түгшүүр болон сэтгэл гутрал зэрэг олон төрлийн шинж тэмдэг багтаж байна.