Грэммийн шагналд нэр дэвшсэн, алдартай дуучин, дуу зохиогч бөгөөд продюсер Чарли Пут Америкийн хувцас загварын "Lucky Brand" брэндтэй хамтран ажиллахаар болсон байна. Хувцас загварын энэхүү брэнд нь хуучны хэв маягийг шингээсэн жинсэн өмд болон чөлөөт хувцсаараа алдартай юм.
Хамтын ажиллагааны хүрээнд Чарли Пут тус брэндийн сурталчилгааны кампанит ажилд оролцох бөгөөд түүнийг дэлгүүрүүд, цахим орчин болон олон нийтийн сүлжээний сувгуудаар харах боломжтой болно. "Би үргэлж өөрийнхөөрөө байж, үнэнч ажиллах нь хамгийн сайн үр дүнг авчирдаг гэдэгт итгэдэг. Энэ нь намайг "Lucky Brand"-д татсан гол шалтгаан юм" хэмээн дуучин өөрийн мэдэгдэлдээ дурджээ.
"Authentic Brands Group"-ийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Стефани Флёрант хэлэхдээ, "Чарли бол өөрийн алсын хараандаа үнэнч байж ирсэн уран бүтээлч бөгөөд энэ нь "Lucky Brand"-ийн онцлогтой маш сайн нийцэж байна" гэсэн бол "Catalyst Brands"-ийн маркетингийн захирал Мариса Талберг түүнийг өвөрмөц байдал, уран бүтээлдээ хандах хүсэл тэмүүлэлтэй нь холбон тайлбарлажээ.
Дуучин Чарли Путын хувьд энэ жил олон чухал үйл явдлаар дүүрэн байна. Тэрээр саяхан аав болсон бөгөөд "Super Bowl LX"-ийн нээлтийн үеэр "The Star-Spangled Banner" дууг дуулсан юм. Түүнчлэн гуравдугаар сард тэрээр "Whatever’s Clever!" нэртэй дөрөв дэх студийн цомгоо гаргасан нь Billboard 200 жагсаалтын 46-д бичигдсэн байна.
2015 онд "Fast & Furious 7" киноны "See You Again" дуугаар олонд танигдсан тэрээр одоогоор 13 дуугаа Billboard Hot 100 жагсаалтад оруулж, үүнээс дөрөв нь эхний 10-т багтаж байсан амжилттай юм. Түүний өмнөх гурван цомог болох "Nine Track Mind", "Voicenotes", болон "Charlie" нь бүгд Billboard 200 жагсаалтын шилдэг 10-т багтаж байжээ.
Одоогийн байдлаар Чарли Пут өөрийн "Whatever’s Clever World Tour" аялан тоглолтоо үргэлжлүүлж байна. Аялан тоглолтын Азийн хэсэг 10-р сарын 11-нд Сөүл хотын "Goyang Stadium"-д эхлэх бөгөөд цаашлаад Филиппин, Япон, Тайвань, Австрали болон Шинэ Зеланд улсуудад үргэлжлэхээр төлөвлөгдөөд байна.