АНУ-ын поп хөгжмийн ертөнцийн од, “Attention”, “We Don’t Talk Anymare” зэрэг хит дуугаараа дэлхий дахинд танигдсан дуучин Чарли Пут тун таагүй мэдээг шүтэн бишрэгчиддээ дуулгалаа. Тэрээр зургадугаар сарын 6-ны бямба гарагт Орландо хотод болох байсан “Whatever’s Clever!” аялан тоглолтоо тоглолт эхлэхээс хэдхэн цагийн өмнө цуцалсан байна.
Дуучин өөрийн цахим хуудсаараа дамжуулан энэхүү шийдвэрийг гаргасандаа туйлын их харамсаж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр “Би үнэхээр сэтгэлээр унаж байна. Гэнэтийн өвчний улмаас өнөөдрийн тоглолтоо хийх боломжгүй боллоо. Та бүхнийхээ дэмжлэгийг үргэлж мэдэрдэг, ийм нөхцөл байдалд хүрсэндээ хүлцэл өчье” хэмээн бичсэн байна. Одоогоор дуучны биеийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байгаа бөгөөд тоглолтын тасалбар худалдан авсан үзэгчдэд мөнгийг нь буцаан олгох эсвэл тоглолтыг хойшлуулах эсэх нь тодорхойгүй байна.
Чарли Пут нь зөвхөн дуулдаг төдийгүй хөгжмийн продюсер, ая зохиогчийн хувиар салбартаа өндрөөр үнэлэгддэг нэгэн. Түүний аялан тоглолтууд үргэлж өндөр зохион байгуулалттай, олон мянган үзэгчийг цуглуулдаг тул энэ удаагийн гэнэтийн цуцлалт нь шүтэн бишрэгчдийнх нь дунд багагүй бухимдал, санаа зовнилыг төрүүлээд байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар, дуучин ойрын хугацаанд эмчийн хяналтад байж, эрүүл мэндээ нэн тэргүүнд тавих шаардлагатай байгаа аж.