Чихрийн шижин өвчтэй хүүхдүүдийн хувьд өдөр тутамд тариа хийх нь сэтгэл зүйн болон бие махбодын хувьд хүндрэлтэй байдаг. Тэгвэл энэ асуудлыг шийдэх шинэ боломж нээгдэж, АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар (FDA) “Afrezza” нэртэй, амьсгалаар дамжуулан хэрэглэх инсулиныг хүүхэд болон өсвөр насныханд хэрэглэхийг зөвшөөрлөө.

Энэхүү шинэ эмчилгээний эмнэлзүйн туршилтад оролцсон 15 настай Тайси Сэйгрист охин өөрийн амьдрал хэрхэн өөрчлөгдсөн талаар хуваалцсан байна. Тэрээр 10 настай байхдаа анх чихрийн шижингийн шинж тэмдэг илэрч, байнга цангах, ойр ойрхон бие засах зэрэг зовуурьтай тулгарч байжээ. Тухайн үед түүний ээж Женнифер Сэйгрист охиныхоо эрүүл мэндийн байдалд санаа зовж, эмчилгээний шинэ аргуудыг эрэлхийлж байсан юм.

“Afrezza” нь тариур ашиглах шаардлагагүй тул хүүхдүүдийн хувьд өдөр тутмын амьдралыг илүү хялбарчилж байна. Эмнэлзүйн туршилтад оролцогчид энэхүү аргыг хэрэглэснээр цусан дахь сахарын хэмжээгээ хянах нь илүү тохиромжтой болж, тарианаас үүдэлтэй айдас, стресс багассаныг онцолжээ.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар энэхүү технологи нь чихрийн шижинтэй хүүхдүүдийн эмчилгээний дагалт буюу эмчилгээгээ тогтмол хийлгэх хандлагыг сайжруулахад чухал ач холбогдолтой юм. Хэдийгээр энэ нь тарилгыг бүрэн орлохгүй ч гэсэн, өсвөр насныхны өдөр тутмын хэвшилд эерэг өөрчлөлт авчирч, тэднийг илүү чөлөөтэй, өөртөө итгэлтэй амьдрахад туслах том дэвшил болж байна.

Энэхүү эмчилгээ нь одоогоор олон улсын зах зээлд нэвтэрч эхэлж байгаа бөгөөд чихрийн шижинтэй хүүхдүүдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн анагаах ухааны томоохон алхам гэж салбарынхан дүгнэж байна.