Дэлхийн поп хөгжмийн ертөнцийн од, Колумбын дуучин Шакира өөрийн нэр хүндийг улс төрийн зорилгоор ашиглахыг эрс эсэргүүцлээ. Сүүлийн үед сошиал орчинд түүнийг Колумбын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нэгнийг дэмжиж байгаа мэт зураг, дүрс бичлэгүүд олноор тархах болсон юм.
Энэхүү таагүй нөхцөл байдалтай холбогдуулан Шакира өөрийн цахим хуудсаараа дамжуулан албан ёсны мэдэгдэл хийжээ. Тэрээр: "Миний нэрийг ашиглан улс төрийн нэр дэвшигчдийг дэмжиж байгаа мэтээр цацагдаж буй бүх зураг хуурамч. Би ямар ч улс төрийн хүчин болон нэр дэвшигчийг дэмжихгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна" хэмээн онцолсон байна.
Латин Америкийн хамгийн нөлөө бүхий уран бүтээлчдийн нэгд тооцогддог Шакира нь өмнө нь нийгмийн олон чухал асуудалд байр сууриа илэрхийлж ирсэн ч, аль нэг улс төрийн нам, эвсэлд харьяалагдахгүй гэдгээ ийнхүү тодорхой болголоо. Түүний энэхүү мэдэгдэл нь сонгуулийн сурталчилгааны үеэр олон нийтийн анхаарлыг татахын тулд алдартнуудын нэрийг зөвшөөрөлгүй ашиглах явдал хэр их байгааг харуулж байна.
Уг үйл явдал нь олон нийтийн сүлжээнд тархаж буй хуурамч мэдээлэлтэй тэмцэх, ялангуяа улс төрийн нөлөө бүхий үйл явцын үеэр мэдээллийн үнэн бодит байдлыг нягтлах нь хэчнээн чухал болохыг дахин сануулсан үйл явдал боллоо.