Швейцар улсад болсон бүх нийтийн санал асуулгаар тус улсын хүн амын тоог 10 саяас хэтрүүлэхгүй байх, үүний тулд цагаачлалыг эрс хязгаарлах тухай санаачилгыг иргэд дэмжсэнгүй. Албан ёсны дүнгээр санал өгсөн иргэдийн 55 орчим хувь нь уг саналыг эсэргүүцсэн байна.
Энэхүү санаачилгыг Швейцарын Ардын нам (SVP) зэрэг баруун жигүүрийн улс төрийн хүчнүүд идэвхтэй дэмжиж байсан юм. Тэдний үзэж буйгаар хэт их цагаачлал нь улсын дэд бүтэц, орон сууцны хүрэлцээ, байгаль орчин болон нийгмийн үйлчилгээнд дарамт учруулж байна гэж үзжээ. Хэрэв санал асуулга амжилттай болсон бол Швейцарын засгийн газар цагаачлалын урсгалыг албадан хязгаарлах, тэр дундаа ажлын байрны болон гэр бүлийн нэгдлийн визийн журмыг чангатгах шаардлагатай болох байв.
Гэвч Швейцарын Засгийн газар болон парламентын олонх нь энэ саналыг эдийн засгийн хувьд эрсдэлтэй хэмээн үзэж, иргэдийг эсрэг санал өгөхийг уриалсан юм. Швейцар нь хүний нөөцийн дутагдалд орсон олон салбартай бөгөөд гадаадын мэргэжилтнүүдгүйгээр эдийн засгийн өсөлтөө хадгалах боломжгүй гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байлаа. Мөн энэ нь Европын Холбоотой байгуулсан чөлөөт зорчих хэлэлцээрт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байсан юм.
Швейцарын хүн ам сүүлийн жилүүдэд хурдацтай өсөж, өдгөө 9 сая орчимд хүрээд байгаа билээ. Хэдийгээр иргэд энэ удаад хүн амын тоог албан ёсоор хязгаарлахаас татгалзсан ч, цагаачлалын бодлого болон хүн амын өсөлтийн асуудал нь Швейцарын улс төрийн гол сэдэв хэвээр үлдэх төлөвтэй байна.