Швейцар улсад өнгөрөгч ням гарагт болсон бүх нийтийн санал асуулгаар тус улсын хүн амын тоог 10 саяас хэтрүүлэхгүй байх тухай санаачилгыг иргэд нь дэмжсэнгүй. Урьдчилсан дүнгээр сонгогчдын 55 хувь нь уг хязгаарлалтыг эсэргүүцсэн байр суурь илэрхийлжээ.
Энэхүү саналыг Швейцарын Ардын нам (SVP) дэвшүүлсэн бөгөөд гол зорилго нь хүн амын хэт өсөлтөөс үүдэлтэй байгаль орчны ачаалал, орон сууцны хомсдол болон нийгмийн үйлчилгээний хүртээмжийг хамгаалахад чиглэж байв. Тэдний үзэж буйгаар, хэт олон хүн ам нь улс орны тогтвортой байдал болон амьдралын чанарт сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзжээ.
Гэвч Швейцарын засгийн газар болон парламентын олонх нь энэхүү саналыг эдийн засгийн хувьд эрсдэлтэй гэж үзэн иргэдийг эсрэг санал өгөхийг уриалсан юм. Швейцар нь гадаадын өндөр мэргэжилтнүүд болон ажиллах хүчнээс ихээхэн хамааралтай эдийн засагтай тул хүн амын тоог хуулиар хязгаарлах нь хөдөлмөрийн зах зээл болон бизнесийн салбарт хүндрэл учруулна гэж шинжээчид дүгнэжээ. Түүнчлэн, энэ нь Европын Холбоотой байгуулсан гэрээ хэлэлцээрүүдэд сөргөөр нөлөөлж, улс төрийн түгшүүртэй нөхцөл байдлыг үүсгэж болзошгүй байв.
Швейцарын хүн ам одоогоор 9 сая орчим байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд гадаадын иргэдийн шилжилт хөдөлгөөний улмаас тодорхой хэмжээгээр нэмэгдэж байгаа юм. Хэдийгээр уг санаачилга ийнхүү унасан ч хүн амын өсөлт, цагаачлалын бодлого нь тус улсын улс төрийн халуун сэдэв хэвээр үлдэх нь тодорхой байна.