Америкийн инээдмийн жүжигчин, 38 настай Шэйн Гиллис аравдугаар сарын 10-нд NBC сувгийн Saturday Night Live (SNL) шоуг хөтлөх үеэрээ тавьсан монологийнхоо талаар “The Joe Rogan Experience” подкастад оролцохдоо тайлбар өглөө.
Түүний хийсэн хошигнол олон нийтийн шүүмжлэлд өртсөн бөгөөд Гиллис фитнесс дэх эмэгтэйчүүдийн богино өмд, хувцаслалтыг доромжилсон үгээр дүрслэн ярьсан нь маргаан үүсгэсэн юм. 11 дүгээр сарын 13-нд цацагдсан Жо Роганы подкастын үеэр Гиллис шоуны баг түүний монологийг өмнө нь хянаж зөвшөөрөөгүйг тодруулжээ. Тэрээр мэргэжлийн комедианууд өөрсдийн үзүүлбэрийн үгийг урьдчилж өгдөггүй бөгөөд нэвтрүүлгийн ажилтнуудад “Ямар ч маргаан үүсгэхгүй, өөрийгөө л тарган гэж 10 минут ярина” гэж хэлж байснаа дурдсан байна.
Гиллис өөрт нь фитнессийн хувцаслалтын эсрэг ямар нэгэн асуудал байхгүйг хэлээд, уг шүүмжлэл нь нийгмийн уур амьсгалтай холбоотой хэмээн тайлбарлав.
Түүний энэхүү хошигнолыг хэд хэдэн алдартнууд эсэргүүцсэн байна. Тухайлбал, жүжигчин Дэн Леви фитнесст богино өмд өмссөнөөрөө эмэгтэйчүүд тийм нэр зүүх ёсгүй, харин тэгж дуудаж буй эрчүүд нь эмэгтэйчүүдийг үзэн ядагчид болдог хэмээн мэдэгджээ. Левигийн байр суурийг дуучин Жуэл, Лиза Лоеб, Кристин Ченовет, рэппер Флейвор Флейв нар дэмжсэн байна. Мөн дуучин Билли Айлишийн ээж Мэгги Бэрд уг наргиаг “эмэгтэйчүүдэд бодитойгоор аюултай” гэж шүүмжилсэн бол дуучин Марен Моррис фитнесс хийж буй бичлэгээ оруулж байр сууриа илэрхийлжээ.
Шэйн Гиллис өмнө нь 2019 онд SNL нэвтрүүлгийн үндсэн багт багтсан байсан ч өнгөрсөн подкастынх нь маргаантай ярианаас болж нэвтрүүлэгт орохоосоо өмнө хасагдаж байсан юм.