Бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалсан хэрэгт буруутгагдан ял эдэлж буй Гилейн Максвелл өөрт оноосон шийтгэлийг хүчингүй болгуулж, суллагдах хүсэлт гаргасан ч холбооны шүүгч мягмар гарагт түүний шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.
Жэффри Эпштейний найз бүсгүй асан бөгөөд олон жилийн хамтрагч гэгддэг Максвелл өнгөрсөн арванхоёрдугаар сард шүүхэд хүсэлт гаргасан байна. Тэрбээр өөрт нь оноосон 20 жилийн хорих ялыг хүчингүй болгож, суллахыг шаардсан бөгөөд шүүх хурлын үеэр өөрийг нь цагаатгах мэдээллийг нуун дарагдуулсан, худал мэдүүлэг өгсөн гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Харин холбооны шүүгч түүний дурдсан шинэ нотлох баримт гарч ирсэн гэх үндэслэлийг илт үндэслэлгүй хэмээн тодорхойлж, шүүхийн алдаа гарсан гэх гомдлыг нь няцаасан байна.