Их Британийн нэрт дуучин, ая зохиогч Эд Ширан өөрийн “Loop Tour” аялан тоглолтынхоо хүрээнд Атланта хотын “Mercedes-Benz Stadium”-д болсон тоглолтод үзэгчдэд гэнэтийн бэлэг барилаа. Тэрбээр уг тоглолтынхоо нээлтийн тусгай зочноор The Fray хамтлагийн гоцлол дуучин асан Айзек Слейд-ийг тайзнаа урьсан байна.
Слейд тоглолтын үеэр хамтлагийнхаа алдарт “How to Save a Life”, “You Found Me” дуунуудыг дуулснаас гадна Газын зурваст болж буй дайны талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр үзэгчдэд хандан туйлшралын дунд нийтлэг ойлголцол, энх тайвныг эрэлхийлэхийг уриалсан юм. Өмнө нь наймдугаар сард Торонто хотод болсон тоглолтын үеэр мөн тэд хамтдаа тайзнаа гарч байсан бөгөөд Эд Ширан бага наснаасаа Слейдийн уран бүтээлийн шүтэн бишрэгч байснаа хуваалцаж байв.
Энэхүү гэнэтийн зочны үзүүлбэр нь Эд Шираны аялан тоглолтын эргэн тойронд үүссэн асуудлын дараа болж буйгаараа анхаарал татаж байна. Тодруулбал, аялан тоглолтын өмнөх нээлтийн уран бүтээлч байсан рэппер Маклемор 9 дүгээр сарын 4, 5-ны өдрүүдэд болсон тоглолтын үеэр “Hind’s Hall” дуугаа дуулж, Палестиныг дэмжсэн уриалга дэвшүүлсний дараа түүнийг аялан тоглолтын бүрэлдэхүүнээс хассан билээ. Шираны тайлбарласнаар, тоглолт зохион байгуулагдах байршлууд Маклеморыг оролцуулсан тохиолдолд арга хэмжээг явуулахгүй гэдгээ мэдэгдсэн тул промоутер уг шийдвэрийг гаргасан байна.
Маклеморыг аялан тоглолтоос хассаны дараа хамт оролцохоор төлөвлөгдөж байсан Finneas, Lukas Graham, Aaron Rowe нар болон Шираны амьд хөгжмийн хамтлаг болох Beoga нар өөрсдийн хүсэлтээр аялан тоглолтоос гарчээ.
Үүний улмаас Эд Ширан 9 дүгээр сарын 19-нд Филадельфид болсон тоглолтоо нээлтийн уран бүтээлчгүйгээр ганцаараа хийсэн бөгөөд тайзан дээрээс өөрийн тоглолтыг хайр, итгэл найдвар, эв нэгдэлд төвлөрүүлэхийг хүсэж буйгаа илэрхийлж байсан юм.