Алдарт реппер Эминем өөрийн хувийн цуглуулгад байдаг 117 хос пүүзийг Julien’s Auctions дуудлага худалдааны төвтэй хамтран худалдаалахаар болжээ. Энэхүү үйл ажиллагаанаас олсон орлогыг бүхэлд нь түүний үүсгэн байгуулсан Marshall Mathers Foundation сан руу шилжүүлэх юм. Тус сан нь Детройт болон түүний ойр орчмын бүс нутагт амьдардаг, нийгмийн эмзэг бүлгийн болон эрсдэлтэй нөхцөлд буй залууст тусламж дэмжлэг үзүүлэх зорилготой ажээ.

Дуудлага худалдаанд тавигдаж буй пүүз бүр дээр репперийн гарын үсэг зурагдсан бөгөөд ихэнх нь эрчүүдийн 10-11 размерынх байна. Цуглуулгад 2015 онд Carhartt брэндтэй хамтран гаргасан ховор загварууд болон Air Jordan 4 Encore зэрэг онцгой загварууд багтжээ. Үүнээс гадна 2022 оны Super Bowl LVI тэмцээний үеэр Эминемийн өмсөж байсан Air Jordan 3 “Slim Shady” PE загварын пүүзний үнэ одоогоор 8,000 ам.долларт хүрээд байгаа бөгөөд цаашид 25,000 ам.доллароос давах төлөвтэй байна.

Энэхүү цуглуулгад мөн 2024 оны Soundstorm фестивальд өмссөн Nike Air Max 90-ээс гадна Adidas, Nike, Puma брэндийн төрөл бүрийн пүүзнүүд багтсан байна. Julien’s Auctions-ийн мэдээлснээр, энэ нь Эминемийн хувийн эд зүйлсийг нэг дор борлуулж буй карьерынх нь хамгийн том дуудлага худалдаа юм.

Дуудлага худалдаа наймдугаар сарын 25-ны өдрийн 10:00 цагт (PT) явагдах хүртэл үргэлжилнэ. Эминемийн хувьд 2024 онд гаргасан "The Death of Slim Shady (Coup de Grâce)" цомог нь Billboard 200 жагсаалтыг тэргүүлсэн бөгөөд тэрээр саяхан Jay-Z-тэй хамт Yankee Stadium-д болсон тоглолтуудын үеэр тайзнаа гарчээ.