Хүүхэлдэй үйлдвэрлэгч алдарт “Mattel” брэнд 2024 онд Энэтхэгийн загвар зохион бүтээгч Анита Донгретой хамтран “Diwali” баярт зориулсан анхны тусгай Барбигаа худалдаанд гаргаж байсан юм. Хязгаарлагдмал тоогоор гарсан энэхүү цуглуулгын хүүхэлдэй тухайн үедээ дэлгүүрүүд болон цахим талбаруудад маш хурдан зарагдаж дуусжээ. Харин уг хүүхэлдэй гэрлийн баяр болох Дивалигийн өдрүүдийг тохиолдуулан цахимаар дахин худалдаалагдаж эхэллээ.

Энэтхэгийн соёлын хамгийн томоохон тэмдэглэлт өдрүүдийн нэг болох Дивали (Гэрлийн баяр) нь хинди хэлээр “гэрлийн эгнээ” гэсэн утгатай бөгөөд Энэтхэгээс гадна АНУ зэрэг дэлхийн олон оронд тэмдэглэгддэг. Энэ жилийн баяр 2026 оны 11 дүгээр сарын 6-наас 10-ны хооронд үргэлжлэх бөгөөд гол өдөр нь 11 дүгээр сарын 8-нд тохиож байна.

Барбигийн энэхүү тусгай хүүхэлдэй нь “Moonlight Bloom” хэмээх гоёмсог загвартай бөгөөд чоли топ, цэцгэн хээтэй Коти хантааз, хүч чадал болон гоо үзэсгэлэнг бэлгэдсэн баширцэцэг, мэлрэг болон бадамлянхуа цэцгийн хээтэй лехенга юбкагаар гоёжээ. Мөн алтан бугуйвч, гялалзсан ээмгээр чимэглэгдсэн байна.

Анх 40 орчим ам.доллароор зарагдаж байсан уг цуглуулгын бүтээгдэхүүний үнэ одоо өсөж, “Amazon” дээр 74.99 ам.доллар, харин “Walmart” дээр 97 ам.долларын үнэтэй байна. “Mattel” компани үүнээс хойш өөр Дивали загварын хүүхэлдэй үйлдвэрлээгүй тул ийнхүү цуглуулагчдын дунд үнэ цэнтэй зүйл болжээ.

Дизайнер Анита Донгре уг хүүхэлдэй анх гарах үед хэлэхдээ, өөрийнх нь брэнд үргэлж загвараар дамжуулан хүчирхэгжүүлэх эрхэм зорилготой ажиллаж ирсэн бөгөөд эмэгтэйчүүдийн хүч чадлын бэлгэдэл болсон Барбитай хамтарсан нь тэдний үнэт зүйлтэй төгс нийцсэн болохыг онцолж байв.