Солонгосын хойгийг заагладаг цэрэггүй бүсийн ойролцоо орших хаягдсан Волжон-ри (Woljeong-ri) буудлыг Өмнөд Солонгосын эрх баригчид Умардтай эвлэрэх итгэл найдварын шинэ бэлгэ тэмдэг болгон сэргээхээр төлөвлөж байна. Энэхүү төлөвлөгөөний хүрээнд тус улсын хамгийн хойд захад байрлах буудлыг төмөр замын сүлжээндээ дахин холбохыг зорьж байгаа юм.

Гэвч энэхүү алхам нь дипломат харилцааны хувьд нэлээд ээдрээтэй, таагүй цаг үед таарч байна. Учир нь Пхеньян Сөүлийн тавьж буй санал, санаачилгыг үл тоосоор байгаа бөгөөд нөгөө талд Өмнөд Солонгосын эртний холбоотон болох Вашингтон Умард Солонгостой бие даан хэлэлцээ хийхээр чармайж буй юм.

Сүүлийн өдрүүдэд өрнөсөн үймээн самуунтай үйл явдлууд нь цаашид өрнөх аливаа дипломат шахалт, үйл явцад Өмнөд Солонгосын гүйцэтгэх үүрэг, байр сууринд эргэлзээ төрүүлээд байна.