Өмнөд Солонгосын санхүүгийн салбарт тэргүүлэгч Mirae групп нь тус улсын криптовалютын зах зээлд үйл ажиллагаа явуулдаг Korbit биржийг шинэ шатанд гаргах төлөвлөгөөтэй байгаагаа зарлалаа. Энэхүү өөрчлөлтийн хүрээнд тус биржийг удахгүй Digital X хэмээн нэрлэхээр болжээ.
Mirae компанийн зүгээс энэхүү брэнд шинэчлэлийг зөвхөн нэр солих төдийхөн бус, илүү өргөн хүрээтэй экосистемийн эхлэл гэж тодорхойлсон байна. Тэдний зорьж буй шинэ платформ нь бодит хөрөнгийн токенжуулалт буюу RWA (Real World Assets), тогтвортой ханштай криптовалют буюу stablecoin болон бусад төрлийн дижитал хөрөнгүүдийг нэгтгэсэн цогц сүлжээ байх ажээ.
Өмнөд Солонгосын зах зээлд урьд өмнө үзэгдээгүй шинэлэг шийдлийг нэвтрүүлэхээр зорьж буй энэхүү төсөл нь уламжлалт санхүү болон дижитал хөрөнгийн хоорондох холбоосыг бэхжүүлэх зорилготой юм. Одоогоор Korbit биржийг Digital X болгон өөрчлөх үйл явц эхлэлийн шатанд байгаа бөгөөд энэ нь тус компанийн ирээдүйн стратегийн гол хэсэг болох нь тодорхой байна.