Хэвлэл мэдээлэл, технологийн чиглэлээр ажилладаг ашгийн бус Common Sense Media байгууллагаас явуулсан шинэ судалгаагаар хүүхдүүд хиймэл оюун ухаант чатботуудыг маш бага наснаасаа ашиглаж байгаа нь тодорхой болжээ. Тодруулбал, 9-өөс 12 насны хүүхдүүдийн бараг тал хувь нь ихэнх хэлний загваруудад байдаг 13-аас дээш насны хязгаарлалтыг тойрон гарч, хиймэл оюун ухаан ашигласан байна.
АНУ-ын 9-17 насны 1,200 гаруй хүүхдийн дунд явуулсан тус судалгаагаар өсвөр насныхны ухаалаг утасны хэрэглээ эрс өссөн нь харагджээ. 11 настнуудын талаас илүү хувь нь аль хэдийн ухаалаг утастай болсон бол 17 насанд энэ үзүүлэлт бараг бүх нийтийн хэрэглээ болдог байна. Дэлгэц ширтэх хугацааны хувьд өсвөр насныхан өдөрт найман цаг, харин 9-12 насныхан өдөрт таван цагийг зарцуулж байгаа аж.
Сэтгэцийн эрүүл мэнд ба хиймэл оюун ухаан
Сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих JED Foundation байгууллагаас хийсэн өөр нэгэн судалгаанд 2025 оны аравдугаар сараас 2026 оны дөрөвдүгээр сарын хооронд АНУ-ын 21 сургуулийн 5,000 гаруй сурагчийг хамруулжээ. Тус тайланд дараах гол дүгнэлтүүдийг дурдсан байна:
* Сурагчид танин мэдэхүйн болон сэтгэл санааны дэмжлэг авах, тэр дундаа сэтгэл санаа нь хүнд байгаа үедээ хиймэл оюун ухаанд ханддаг.
* AI-ийн зарим төрлийн хэрэглээ нь сэтгэцийн эрүүл мэнд, сайн сайхан байдлын тааруу үр дүн, мөн амиа хорлох бодол болон оролдлогын түүхтэй холбоотой байна.
* Сэтгэл санааны хямралтай үедээ AI ашигладаг сурагчдын сэтгэцийн эрүүл мэндийн үнэлгээ доогуур гарчээ.
* Хүн ам зүйн бүлгүүдийн дунд AI ашиглах хэв маяг ялгаатай байгаа нь сэтгэцийн эрүүл мэндийн тэгш бус байдалд нөлөө үзүүлэхээр байна.
Шалтгаан ба үр дагавар тодорхойгүй байна
JED Foundation-ий сэтгэл судлаач Кайла Андерсон NPR-д өгсөн ярилцлагадаа залуус сэтгэл санааны хямралд орсон үедээ хиймэл оюун ухаан ашиглах нь сэтгэцийн эрүүл мэндийн таагүй үр дүнтэй холбогдох магадлал өндөр байгааг онцолсон байна. Гэхдээ уг судалгаа нь шалтгаан, үр дагаврыг батлаагүйг тэрбээр сануулжээ. Өөрөөр хэлбэл, AI нь сэтгэцийн эрүүл мэндийг дордуулж байна уу, эсвэл сэтгэл зүйн асуудалтай хүүхдүүд чатботоос тусламж хайж байна уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.
Хэрэв удахгүй гарах дараагийн судалгаануудаар шалтгаант холбоо тогтоогдвол хууль тогтоогчид AI компаниудад насны хатуу хязгаар тогтоож, хариуцлагыг чангатгах төлөвтэй байна.