Австрали улс үндэснийхээ түүх, соёлын өв болон иргэдийнхээ дуу хоолойг хадгалан үлдээх зорилгоор "The National Songbook" хэмээх шинэ санаачилгыг эхлүүлж, анхны 10 бүтээлээ албан ёсоор бүртгэлээ.
Энэхүү төслийг APRA AMCOS болон Австралийн Үндэсний кино, дуу авианы архив (NFSA) хамтран санаачилсан бөгөөд нийслэл Канберра хотноо болсон тусгай арга хэмжээний үеэр зарласан байна. Энэ нь APRA байгууллагын 100 жилийн ойтой давхцаж байгаа бөгөөд цаашид жил бүр шинэ дуунуудаар баяжих дижитал архив болох аж.
Мэргэжилтнүүдийн багийн сонгосон эхний 10 бүтээлд Midnight Oil хамтлагийн "Beds Are Burning", The Easybeats хамтлагийн "Friday On My Mind", Хелен Реддигийн "I Am Woman", The Presets хамтлагийн "My People", Yothu Yindi хамтлагийн "Treaty" болон Эндрю "Банжо" Патерсоны "Waltzing Matilda" зэрэг дуунууд багтжээ. Мөн Руби Хантерын "Down City Streets", Питер Скалторпын "Earth Cry", "My Island Home" болон The Necks хамтлагийн "The Boys" киноны хөгжим зэрэг бүтээлүүд багтсан байна.
APRA AMCOS-ийн гүйцэтгэх захирал Дин Ормстон хэлэхдээ, "Ямар ч 10 дуу Австралийн бүх түүхийг бүрэн өгүүлж чадахгүй ч эдгээр анхны бүтээлүүд бид хаанаас ирсэн, хэн бэ, үе дамжин ямар үнэт зүйлсийг тээж ирснийг ойлгоход тусална" хэмээн онцолжээ.
Тус архивт багтсан бүтээлүүдийн плейлистийг одоогоор Apple Music, Spotify болон YouTube Music тавцангаар сонсох боломжтой байна.