Австралийн телевизийн хөтлөгч бөгөөд дуу бичлэгийн продюсер Иан “Молли” Мелдрум даваа гарагт (11-р сарын 23) Мельбурн хотод 83 насандаа таалал төгслөө. Түүнийг эцсийн замд нь үдэх ёслолыг төрийн оршуулга болгон зохион байгуулахаар болсон бөгөөд дэлхийн хөгжмийн ертөнцийн олон алдартнууд түүнд хүндэтгэл үзүүлж байна.

Залуу наснаасаа түүний “Countdown” нэвтрүүлэгт оролцож байсан дуучин Кайли Миноуг Мелдрумыг уран бүтээлийнх нь анхны урам зориг өгөгчдийн нэг хэмээн дурсав. Тэрбээр, “Тэр Австралийн олон уран бүтээлчийг дэмжиж, дэлхийн ододтой өөрийн давтагдашгүй арга барилаар холбож өгдөг байсан. Түүний тууштай хайр, дэмжлэгт талархаж байна” хэмээн онцолжээ.

Харин дуучин Жимми Барнс эхэндээ Мелдрум тэднийг ам барьж дуулахыг шаарддаг байсан тул зөрчилдөөнтэй харилцаатай байснаа дурссан юм. Гэвч яваандаа энэ байдал өөрчлөгдөж, Барнс “Молли биднийг өмнө нь хүрч чадахааргүй тийм өргөн хүрээний үзэгчдэд таниулж өгсөнд үргэлж талархдаг” гэж бичжээ.

Түүнчлэн Тина Арена, “Icehouse” хамтлагийн Ива Дэвис, “Savage Garden”-ий Даррен Хэйс, Жейсон Донован, Майкл Бубле, Марша Хайнс, Лео Сэйер, “Skyhooks”, “Human Nature” хамтлаг болон Кейт Себерано нар түүний Австралийн болон олон улсын хөгжмийн салбарт үлдээсэн орон зайг өндрөөр үнэлж, эмгэнэл илэрхийлсэн байна.