BLACKPINK хамтлагийн гишүүн LISA-гийн гаргасан “Leave With Me” хэмээх бие даасан шинэ дуу Billboard сэтгүүлээс явуулсан энэ долоо хоногийн шинэ хөгжмийн санал асуулгыг итгэл төгс тэргүүллээ.

Баасан гарагт (11-р сарын 20) Billboard дээр нийтлэгдсэн тус санал асуулга Ням гарагт хаагдахад LISA-гийн шинэ уран бүтээл 84 гаруй хувийн санал авчээ. Ингэснээр тэрбээр TOMORROW X TOGETHER хамтлагийн “Angel Bite” (8%-ийн санал авсан), Gracie Abrams болон олон уран бүтээлчдийн хамтарсан “Grand Theft Auto VI: The Album” (2%-ийн санал авсан) зэрэг шинэ дуу, цомгуудыг ардаа орхисон байна.

Энэхүү санал асуулгад багтсан GTA VI цомогт Cardi B, Dua Lipa, Lana Del Rey, Playboi Carti, Travis Scott, Morgan Wallen, Tame Impala болон BLACKPINK хамтлагийн гишүүн JENNIE (“Power Trip” дуугаар) зэрэг олон алдартнууд оролцжээ.

“Leave With Me” нь LISA-гийн бие даасан уран бүтээлчийн замыг харуулсан “Always Lalisa” баримтат киноны төгсгөлийн дуугаар эгшиглэдэг. Тус баримтат киног найруулагч Sue Kim найруулсан бөгөөд одоогоор зөвхөн YouTube Premium платформ дээр цацагдаж байгаа юм.

Энэ долоо хоногт албан ёсоор цацагдсан тус дууг LISA, Feli Ferraro, Tyler Spry, Ali Tamposi, Shintaro Yasuda нар хамтран бичжээ. Албан ёсоор цацагдахаас өмнө LISA Лас-Вегас хотын Caesars Palace дахь The Colosseum театрт хийсэн “Viva La Lisa” тоглолтынхоо эхний өдөр энэ дуугаа анх удаа амьдаар дуулж, шүтэн бишрэгчдэдээ гэнэтийн бэлэг барьж байв.