Австралийн телевизийн хөтлөгч, сэтгүүлч бөгөөд дуу бичлэгийн продюсер Иан "Молли" Мелдрам (Ian "Molly" Meldrum) 83 насандаа Мельбурн хотын "Epworth" эмнэлэгт таалал төгслөө. Тэрээр урт хугацаанд биеийн эрүүл мэнд нь тааруу байсны эцэст 11 дүгээр сарын 23-ны даваа гарагт тайван нойрсжээ.

Түүнийг ойр дотнынхон болон урлагийнхан "The Guru" хэмээн авгайлдаг байсан бөгөөд тэрээр 1974-1987 оны хооронд ABC телевизийн "Countdown" хөгжмийн нэвтрүүлгийг нийт 563 дугаарын турш хөтлөн явуулсан түүхтэй. Энэхүү нэвтрүүлэг нь MTV суваг үүсэхээс ч өмнө клипэнд суурилж, залуусын заавал үздэг контент болж чадсан юм.

Мелдрам зөвхөн нутгийнхаа уран бүтээлчдийг дэмжээд зогсохгүй олон улсын томоохон хамтлаг, дуучдын амжилтын замналыг эхлүүлж байв. Тухайлбал, 1974 оны Евровидение тэмцээний дараа түүний нэвтрүүлгээр цацагдсан ABBA хамтлагийн клипүүд Австралид асар их амжилт олж, дэлхийн бусад улсуудын анхаарлыг татсан байна. Мөн поп хатан хаан Мадонна 1984 онд тус нэвтрүүлгээр цацагдсан "Holiday" дуугаараа анхны хитээ авч байсан бол Blondie, Cyndi Lauper зэрэг олон одод энэ замаар алдаршжээ.

Үүний зэрэгцээ тэрээр эх орондоо AC/DC, INXS, Кайли Миноуг зэрэг олон алдартнуудын эхэн үеийн уран бүтээлийг олонд хүргэсэн гавьяатай нэгэн юм. Олон жилийн анд, дуучин Элтон Жон түүнийг "Австралийн хөгжмийн түүхэнд тохиосон хамгийн шилдэг зүйл" хэмээн өндрөөр үнэлж байжээ.