Австралийн амьд хөгжмийн томоохон промоутер Fuzzy компани үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойдоо зориулан брэндийн өнгө төрхөө шинэчилж, бүх наадам болон аялан тоглолтын үйл ажиллагаагаа нэгтгэхээр болжээ. Одоогийн байдлаар тус компанийн гүйцэтгэх захирлаар Адель Робинсон (Adelle Robinson) ажиллаж байна.
Тус компанийн түүх 1996 онд эхэлсэн бөгөөд хамтран үүсгэн байгуулагчид болох Жон Уолл, Мин Ган нар анх Сидней хотын Питт гудамжинд 800 хүний багтаамжтай “Sublime” нэртэй клуб үйл ажиллагаа явуулж эхэлсэн түүхтэй. Улмаар 2000 он гэхэд энэ нь Австралид “инди-дэнс” урсгалыг түгээн дэлгэрүүлсэн “Parklife” үндэсний хэмжээний аялан наадам болон өргөжиж, 2013 онд Listen Out наадамд шилжсэн байна. Fuzzy нь түүнчлэн Field Day, Harbourlife, Shore Thing зэрэг томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулж иржээ. Түүнчлэн 2012 онд анх Parklife наадмын жижиг тайзнаа тоглож байсан Flume зэрэг олон уран бүтээлчийг таниулахад хувь нэмэр оруулсан хэмээн үздэг байна.
Үүсгэн байгуулагчид 2025 онд компаниасаа хөндийрсөн бөгөөд Мин Ган тухайн оны арванхоёрдугаар сард тэтгэвэртээ гарч, удирдах захирлаар ажиллаж байсан Адель Робинсон гүйцэтгэх захирлын албыг хүлээн авчээ. Fuzzy нь 2018 оноос хойш James Barton-ы үүсгэн байгуулсан Superstruct Entertainment-ийн охин компаниар ажиллаж буй бөгөөд Superstruct-ийг 2024 оны дундуур KKR компани ойролцоогоор 1.3 тэрбум еврогоор (1.4 тэрбум ам.доллар) худалдан авсан юм.
Брэндийн шинэчлэлийн хүрээнд тус компанийн клуб болон DJ аялан тоглолтын үйл ажиллагаа нь цаашид “A Tour by Fuzzy” нэр дор явагдахаар болжээ. Тус компани сүүлийн үед Mochakk, Dennis Cruz, Disco Lines, MEDUZA, Gorgon City болон Levity нарын тоглолтыг зохион байгуулсан байна. Мөн Fuzzy нь 2024 оны томоохон арга хэмжээнүүдийнхээ үеэр хог хаягдлыг дахин боловсруулж, 650,000 лааз, аягыг хогийн цэгт хаягдахаас сэргийлсэн гэж мэдээлжээ.