Казахстаны Астана хотод зохион байгуулагдсан 2026 оны чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд АНУ-ын 23 настай тамирчин Адауго Нвачукву анх удаа дэлхийн аварга боллоо. Тэрбээр аравдугаар сарын 29-нд болсон шигшээ барилдаанд дэлхийн хошой аварга, олимпын хүрэл медальт Японы бөх Нонока Озакитай хүч үзсэн юм.
Барилдааны эхний үед Нвачукву итгэлтэй барилдаж, 5-0 харьцаагаар тэргүүлж байв. Гэвч хоёрдугаар үед Озаки дараалан оноо авч, цаг дуусахад ердөө 13 секунд үлдээд байхад 10-9-өөр тэргүүлж эхэлжээ. Үүний дараа Америкийн талын челленж амжилтгүй болсноор онооны харьцаа 11-9 болж нэмэгдсэн байна. Гэсэн ч Нвачукву сүүлийн секундэд өрсөлдөгчийнхөө ард гарч, оноог 11-11 болгон тэнцүүлж чаджээ. Японы тал уг оноог цаг дууссаны дараа орсон хэмээн челленж хүссэн боловч шүүгчид тооцоогүй тул АНУ-ын бөхөд нэмэлт нэг оноо өгч, барилдаан 12-11 харьцаагаар Нвачуквугийн ялалтаар өндөрлөсөн байна.
Энэхүү ялалт нь түүний насанд хүрэгчдийн ангилал дахь анхны дэлхийн аваргын алтан медаль болсон бөгөөд 2026 оны энэ тэмцээнээс алт хүртсэн анхны америк тамирчин болгов. Мөн тэрбээр 2012 онд Елена Пирожковагийн гаргасан амжилтаас хойш дунд жинд дэлхийн аварга болсон анхны америк эмэгтэй болж байна.
Шигшээд хүрсэн замнал
Нвачукву тэмцээний эхний тойрогт Туркийн Севим Акбасыг 10-0, дараа нь Шведийн Йоханна Линдборгийг 11-1 харьцаагаар тус тус цэвэр ялсан юм. Харин хагас шигшээд 2021 оны дэлхийн аварга, 2024 оны олимпын тамирчин Болгарын Биляна Дудоваг 5-2 харьцаагаар буулган авснаар финалд шалгарчээ.
Нигери улсад төрсөн Адауго Нвачукву нь 2018 онд 14 настайдаа аавынхаа хамт Калифорни руу нүүж ирсэн бөгөөд Сан-Хосе хотын Силвер Крик ахлах сургуульд суралцаж байхдаа бөхийн спортоор хичээллэж эхэлсэн түүхтэй. Тэрбээр өмнө нь 2024 оны АНУ-ын олимпын сонгон шалгаруулалтад гуравдугаар байр эзэлж, 2025 оны насанд хүрэгчдийн анхны ДАШТ-дээ долоодугаар байрт шалгарч байжээ.