BambooHR хүний нөөцийн програм хангамжийн компанийн гаргасан судалгаагаар дэлхий даяар ажилтнуудын сэтгэл ханамж сэргэж эхэлжээ. 51,000 ажилтны мэдээлэлд үндэслэн гаргасан "Employee Happiness Index" буюу Ажилтны сэтгэл ханамжийн индексээр ажилтнуудын байгууллагаа санал болгох магадлалыг хэмждэг eNPS оноо нэгдүгээр сараас зургадугаар сарын хооронд 40 хүртэл өссөн байна. Энэ нь 2023 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд дөрвөн жил дараалан үргэлжилсэн уналтыг зогсоосон эерэг дохио болжээ.
Сэтгэл ханамж ба ажлаас гарах хандлага
Судалгааны үр дүнгээс харахад сэтгэл ханамж өндөртэй компаниуд ажилтнаа алдах магадлал 46 хувиар бага байдаг аж. Тодруулбал, сэтгэл ханамж муутай компаниудад эхний жилдээ ажлаас гарах үзүүлэлт 2.7 хувьтай байдаг бол хамгийн өндөр eNPS оноотой компаниудад энэ нь 2.1 хувь байна. Гэхдээ сэтгэл ханамж ба ажлаас гарах хандлагын хоорондох хамаарал нь шууд шалтгаан үр дагаврын холбоотой гэж үзэх боломжгүйг мэргэжилтнүүд онцолжээ.
Нас болон салбарын ялгаа
Ажилтнуудын сэтгэл ханамж бүх салбар, насны бүлэгт ижил түвшинд нэмэгдээгүй байна. 26-30 насныхан хамгийн бага сэтгэл ханамжтай (31 оноо) байгаа бол 51-60 насныхан 48 оноотойгоор хамгийн сэтгэл ханамж өндөртэй бүлэгт тооцогджээ. Мөн шинээр ажилд орсон хүмүүс эхэндээ сэтгэл ханамж өндөр байдаг ч 2-3 жил ажилласны дараа сэтгэл ханамж хамгийн их буурдаг, харин удаан хугацаагаар ажилласан хүмүүс эргээд илүү сэтгэл ханамжтай болдог зүй тогтол ажиглагджээ.
Технологийн салбарын хувьд 2023 онд хамгийн өндөр сэтгэл ханамжтай салбар байсан бол одоо дунджаас доогуур түвшинд хүртэл буурсан байна. Энэ салбарт хийгдэж буй олон нийтийг хамарсан цомхотгол болон хиймэл оюун ухааны нөлөө нь ажилтнуудын сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж байгааг судалгаа харууллаа. Тухайлбал, Meta, Amazon, Microsoft зэрэг томоохон технологийн компаниуд сүүлийн саруудад цомхотгол хийсэн нь ажилтнуудын дунд сөрөг хандлага үүсгэхэд нөлөөлж байна.