Fast Company сэтгүүлийн мэдээлснээр, өнөө үед удирдах албан тушаал нь урьдынх шигээ тийм ч сонирхол татахуйц байхаа больсон байна. Ажил мэргэжлийн замналдаа ахиц гаргах боломж гарч ирэхэд үүнийг нухацтай эргэцүүлэх хэрэгтэй болжээ.

Deloitte компанийн дэлхийн 44 орны 22,500 залуучуудын дунд явуулсан судалгаагаар ердөө 6% нь удирдагч болохыг хүсдэг гэсэн дүн гарчээ. Түүнчлэн Gartner-ийн 3,000 хүнийг хамруулсан судалгаагаар удирдагчдын 25% нь бусдыг удирдахыг хүсдэггүй гэсэн бол Careerminds-ийн судалгаанд оролцогчдын гуравны нэг нь албан тушаал ахих саналаас татгалзсан байна.

Юуг анхаарах хэрэгтэй вэ?

Албан тушаал ахих санал ирэхэд таныг үнэлж байгаад баярлах нь зүйн хэрэг. Гэсэн ч шинэ албан тушаал таны хувьд хэр тохиромжтойг дараах гурван зүйлээр дүгнэхийг зөвлөж байна:

Нэгдүгээрт, энэ нь таны хувьд бодит өсөлт мөн эсэхийг тодорхойлох. Шинэ үүрэг хариуцлага танд шинэ ур чадвар эзэмшүүлэх, эсвэл өөр өнцгөөс харах боломж олгох эсэхийг бодож үзээрэй. Ажил амархан байх нь уйтгартай болж, сэтгэл санааны ядаргаанд хүргэж болзошгүй тул сорилттой ажил илүү үр өгөөжтэй байж мэднэ.

Хоёрдугаарт, танд шаардлагатай дэмжлэг бий эсэх. Шинэ үүрэгт ажилд ороход зөвлөгөө өгөх хүн, удирдлага, эсвэл зөвлөгч (mentor) таны хажууд байх нь чухал. Мөн тухайн байгууллагын соёл танд тохирч байгаа эсэх, дор хаяж жил хагас эсвэл хоёр жил тууштай ажиллах хүсэл байна уу гэдгээ тооцоолох хэрэгтэй.

Гуравдугаарт, нэмэгдэж буй ажлын ачаалал болон хариуцлага нь таны авах цалин, урамшууллын зөрүүнд нийцэж байгаа эсэхийг сайтар эргэцүүлэх нь зүйтэй.