АНУ-ын Эрүүл мэнд, хүний үйлчилгээний яам Кентакки мужид төвтэй, эрхтэн шилжүүлэн суулгах ажиллагааг зохицуулдаг «Network for Hope» (NFH) байгууллагын үйл ажиллагааг зогсоох үйл явцыг эхлүүлснээ мэдэгдлээ. Энэхүү байгууллага нь Кентаккигаас гадна Индиана, Огайо, Баруун Виржиниа мужуудын зарим хэсэгт үйл ажиллагаа явуулдаг юм.
Тус байгууллага нь 2021 онд гарсан ноцтой хэргийн улмаас олны анхааралд өртсөн. Тодруулбал, тухайн үед амьд байсан хүний эрхтнийг авахыг завдсан гэх хэрэгт буруутгагдаж байжээ. АНУ-ын Эрүүл мэндийн яамны зүгээс гаргасан энэхүү шийдвэр нь «Network for Hope» байгууллагын гэрчилгээг хүчингүй болгох зорилготой бөгөөд хэрэв энэ шийдвэр хэрэгжвэл тус байгууллага үйл ажиллагаагаа бүрмөсөн зогсоох юм.
Хэрэв «Network for Hope» байгууллагын гэрчилгээг албан ёсоор цуцалбал тухайн бүс нутагт эрхтэн донорчлолыг зохицуулах өөр байгууллагыг томилох ажээ. Харин «Network for Hope» байгууллагын зүгээс Эрүүл мэндийн яамны дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж, уг шийдвэрийг давж заалдахаа мэдэгдээд байна.