Хичээлийн танхим дахь технологийн хэрэглээний талаар Америкийн Сэтгэл зүйн холбоо (APA) шинэ тайлан нийтэллээ. Тус байгууллага зүгээр л хориг тавихаас илүүтэй, шинэ технологийн тодорхой сөрөг нөлөөнд анхаарах шаардлагатай гэж үзэж байна.
Энэхүү тайланд боловсролын салбарт зориулсан шинэ төрлийн технологиуд сурагчдын анхаарлыг татахын тулд тоглоомын элементүүдэд улам их түшиглэх болсныг тэмдэглэжээ. Тухайлбал, шагнал урамшуулал, нүд хужирласан график болон өөрчилж болох аватаруудыг өргөн ашиглаж байна. Шинжлэх ухааны баттай нотолгоо хараахан гараагүй байгаа энэ үед сурагчдын ой тогтоолт, сэтгэн бодох чадвар, ерөнхий суралцах чадварыг сайжруулна гэж сурталчилдаг хиймэл оюун ухаанд суурилсан зэрэг хэрэгслүүдээс болгоомжлохыг APA сэрэмжлүүлэв.
Дэлгэцийн цаг ба бодит чадвар
Дэлгэцийн цагийн тоон үзүүлэлт хэт их эсвэл бага байх нь сурагч хэр сайн суралцаж байгааг бодитоор илэрхийлэхгүй гэж тайлангийн зохиогчид тогтоожээ. Тайланд дурдсанаар, залуус дэлгэц ард хэр их цаг өнгөрөөж байгаагаас илүүтэйгээр чухам юу хийж байгаа нь ижил түвшинд, эсвэл бүр түүнээс ч илүү чухал юм.
Сурагч боловсролын тоглоомд ялах эсвэл даалгавраа амжилттай биелүүлэх нь тухайн хүүхэд шууд илүү ухаалаг болсон гэсэн үг биш гэдгийг тус холбоо онцоллоо. Үүний оронд сурсан мэдлэгээ технологиос гадуур, бодит амьдрал дээр хэрхэн хэрэгжүүлж буйг шалгахыг багш нарт зөвлөж байна. Хэрэв сурагч бодит орчинд чадвараа ашиглаж чадахгүй бол тухайн технологи үр дүнгээ өгөөгүй гэж үзэх аж.
Хиймэл оюун ухаанд хандах сэрэмж
APA-ийн боловсролын тэргүүлэх сэтгэл зүйч Николь Барнс хэлэхдээ, хиймэл оюун ухаан сурагчид илүү сайн эссэ бичихэд тусалж болох ч сайжирсан эцсийн бүтээл нь сурагчийг өөрөө илүү сайн бичигч болсон гэсэн үг биш гэдгийг сануулжээ.
Түүнчлэн, Нью-Йорк болон Лос-Анжелесын сургуулиудын системд 2026-2027 оны хичээлийн жилд хиймэл оюун ухааны хэрэглээг хэсэгчлэн түр зогсоож, дэлгэцийн цагийг бууруулахаар болсон байна. Хүүхдийн сэтгэл зүйчид ухаалаг төхөөрөмж болон сошиал медиагийн анхаарал татах загварууд нь залуу үеийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж байгаад эртнээс анхааруулсаар иржээ.